Цагаа хэмнээд ...
Thursday, November 6, 2014
Saturday, October 25, 2014
Миний хүүхэд насны гэгээн дурсамж
Магтаалд дуртай хүүхэд нас минь одоо
ч хэвээрээ. Миний амьдрал хүүхэд байхдаа илүү өнгөлөг, гэрэлтэй байсан мэт
төсөөлөгддөг юм. Мартаж санахын гэмээр зарим нэгийг нь нэмэрлэж хачирласан
буруутгаж зэмлэсэн тал байдаг ч гэсэн миний түүх, хүн байхын минь үндэс суурь
нь болох тул хүүхэд насандаа хайртай, алдаа бүхнийг нь өмөөрөх дуртай байдаг
даа.
Найман настай сургуульд орсон маань
одооны хүүхдүүдийн дэргэд хожуу орсон мэт боловч тэрнээс өмнөх үйл явдал хүсэл
мөрөөдлийнхөө талаар бүүр түүрхэн төсөөлөлтэй байдаг юм. магадгүй ном эрдэм сурах их шамдуу хугацаа
тийм болгосон ч байж мэдэх юм. /Эрдэм ном сурсныгаа буруутгасангүй/.
Тэгэхдээ би бага насныхаа хүсэл
мөрөөдлийг хэзээ ч мартдаггүй юм. Учир нь би хүслээ биелүүлэх их ажлынхаа
үзүүрээс атгачихсан байгаа.
Сайхан бүхнийг даган дуурайгаад олон хүүхэд олон янзын
мэргэжил эзэмшээд, элэг бүтэн сайхан гэр бүлтэй болохыг бүгд хүсэж мөрөөдөж
байсан нь бидний айл гэрдэж тоглож өссөн аргалын навсархай амбаартаа ааваасаа
гуйж авч үлддэг байсан авдар, аргалын дөрвөлж, аягатай цайны тод дурсамж одоо
бидэнд гэрчилнэ. Тэрэн дунд би тоглож дарвиж явсан ч аль хэдийнээ даалгавраа
хийчихсэн, хариуцуулж өгсөн тааруу сурлагатай хүүхэддээ тооны хүрдийг нь
цээжлүүлчихсэн тэрүүхэн тэндээ багш явлаа. Дуртай байсан, юм сурах. Тэгэхдээ
бүр бусдад зааж өгөөд тэрнээсээ өөрөө өшөө илүүг сурч авдаг байсан даа. Тоглоомтой
өнгөрөөсөн бага насаа дурсхад буцаад оччихсон юм шиг, багынх шигээ ганц удаа алчуур нууж тогломоор ч юм
шиг санагдаж багынхаа найзтай уулзаж гэгэлзсэн сэтгэлээ нээж суух одоо мөн ч их
дуртай болжээ. Алчуур нууж ангийхантайгаа сургуулийн гадаа тоглож байгаад
жижүүр өвөөд хөөгддөгсөн. Тэндээс л би анх өөрийгөө тоож, анхны үерхэл
шохоорхол эхэлж, анх удаа багшийгаа “ангиа гүйцэд тараагаагүй” ялнаас аварч
байгаа гэнэн ухаанд, хариуцлага хүлээх чадвар эхэлж төлөвшсөн цагсан. Сумын төвийн
салаа хоёр гудамжны нугасанд бид үргэлжлүүлээд тоглодог сон. Төрөө миний ард
алчуур унагахад би яаралгүй авч ардаас нь албаар алдаж чулуудна. Амьхандаа
түүнийг бусдад ч тэр өөрт нь ч тэр мундаг хүн болгож харагдуулах гэж тэр шүү
дээ. Дараагийн удаа би мөн л Төрөөгийн ард алчуураа унагана. “Өө болилдоо та
хоёр бие биенийхээ ард л хаях юм” гэж ангийхан холбож шоолохдоо гомдлыг үг
дайна. Хөөрхөн хайрын улаан туяа хацар дээр гүнээ тодорч хүсэл сэтгэлийг
гижигдэнэ. Тэр шөнө тэгээд нойр хулжиж инээмсэглэн инээмсэглэсээр ид шидийн
зүүдэндээ дахин хөтлөлцөж тоглоно. Ирэх
өдрийн уртад намайг шоглоход нь гомдож уйлна, Энхцэцэг рүү хараад инээхлээр нь
харамлаж уурлана. Эр бие жагссан хорин насны сүүлээр Хорлоотой суухад чинь
харамссан тэр мэдрэмжээ тэгхэд анх амссанаа бодон бодон гуниглана. Ижии аавдаа
загнуулахдаа давхар Төрөөд хэлэх хатуухан үгээ дайж өөдөөс нь хэгжүүрхэнэ. Эгч
болж ээж аавдаа тусад орсон үе минь тэндээс харин эхэлсэн.
Балдан надад захиа өгхөд жаахан
эвгүй байсан, бор царайг нь улайлгаж баахан алдааг нь улаан балаар тэмдэглэж
хариу болгон илгээнэ. Хариу авсан байх өдрийг нь шоглож өнгөрөөнө, удаах захиаг
хүлээсэн хэрнээ, охидод тохуурхсан түүхээ ярьж айлгүйтэхийн эрдэмд
суралцсансан. Аймгаас ирсэн шинэ биеийн тамирын багш ах шиг минь сайн хүн шиг
санагдаж саваагүй томоогүй зангаа хамжаарагагүй дэлгэж “Сайн болчихжээ” гээд
гүйж явсан минь гүн урт холын аянд гэрлэлт болон цэцэглэнэ чинээ санаагүйсэн. Сайрхах
юм даанч биш дээ, Санчигандаа бууралтай эр хүнд би хайртай. /Ц.Хулан/. Энэ
хүртэл үргэлжилсэн үлгэрийн юм шиг санадаг, өөрийнхөө жааханд би бүр дуртай.
Би багшийн багшийн багшийн багш болмоор байна.
Шаргал намрын навчис шаржиганан шуугих баяраар
Шинээр нэмсэн насаа эрдмээр чимхээр ирэхэд
Өдлөг цасан өвлийг өнгө өнгөөр сүлэлдүүлж
Өөрийн биеэр туулсан эрдмийн замаа дэлгэж
Болзоот хаврын гэгэлгэн салхинд
Бодол, хүсэлдээ хөтлөгдсөн шинэ иргэнээ үдсэн
Гэгээн зуны өглөөний нар шиг, жинтэй хэрнээ итгэлтэй төөнөх
Гүн бодлын үзүүрт үнэн шиг үргэлж уяатай байх багшдаа,
Баярлалаа гэдэг үгийг, барьж аваад амьдрал болгомоор
Балчир ухаан хичнээн тэлсэнийг багшдаа үзүүлж
Бас дахиад нэг магтуулмаар... /Мөнө/
Өдлөг цасан өвлийг өнгө өнгөөр сүлэлдүүлж
Өөрийн биеэр туулсан эрдмийн замаа дэлгэж
Болзоот хаврын гэгэлгэн салхинд
Бодол, хүсэлдээ хөтлөгдсөн шинэ иргэнээ үдсэн
Гэгээн зуны өглөөний нар шиг, жинтэй хэрнээ итгэлтэй төөнөх
Гүн бодлын үзүүрт үнэн шиг үргэлж уяатай байх багшдаа,
Баярлалаа гэдэг үгийг, барьж аваад амьдрал болгомоор
Балчир ухаан хичнээн тэлсэнийг багшдаа үзүүлж
Бас дахиад нэг магтуулмаар... /Мөнө/
Бадаг мөр нь цөөхөн ч гэсэн дээрх
хэдэн мөртөд багш хүний нэг зүйлийн хөдөлмөрийг хураангуйлан өгүүлсэн шиг
санагддаг. Сургуульдаа яаран шинэ хувцасаараа гоёсоор ирсэн хүүхдүүдийг зочин
ёсоор хүлээж авч ухамсарт, соёлч, боловсорсон иргэн болгон даруухан хэрнээ
дүүрэн гунигтай үддэг ард хоцорсон амьдралын тод дурсамжийн амьд гэрч бол багш
хүн билээ. Мянга мянга шавиараа бахархаж бардамнаж явахаасаа түрүүлж болсонгүй
амьдралтайд нь сэтгэлээ чилээж боломжоо шавхан суудаг сонин зовиуртай тавиланг
эзэмшиж суудгийг нь хэн ч мэдэхгүй, зарим тохиолдлын зовлонг нь хуваалцсан шавь
нар нь л гадарладаг. Нэрлэсэн энэ үг өөрөө асар их хүндлэл авч ирдэг шиг маш их
хариуцлагыг хүнд үүрүүлдэг нь магадгүй энэ хувь тавиланг бүтээчихдэг ч байж
мэдэх юм.
Бусдаас арай түрүүлж сурсан
зүйлээ мэдээгүйдээ зааж сургахыг, эрдэм түгээхийг “багш” гэж би хувьдаа
ойлгоно. Харин манай ард түмний өв уламжлалд эрдэм мэдлэгтэй
хүнийг багш хэмээн нэрлэж ирсэн. “Хашийг эс засвал сав болохгүй хүнийг эс
засвал эрдэм сурахгүй“ гэдэг манай ардын мэргэн үг бий. Өсхөөсөө эхлээд эрдэм ном заалгах багшийнхаа өмнө ирэх
хүртлээ хорвоогийн олон араншид суралцаж ядсан тайлагдашгүй зан авир сурсан хэрэндээ
л төлөвшчихсөн хүүхдүүдийг өөрийн уран арга ухаанаараа залж чиглүүлж дээр нь
нэмээд ойлгох ёстой мэдлэгийг нь бүрэн гүйцэд, хүүхэд цааш улам боловсруулан
өөрийн болгож хөгжүүлэхүйц сэдэлтэй болгож тухайн мэдлэгийг хүүхдэд эзэмшүүлнэ
гэдэг хүнд хөдөлмөр. Хүн төрсөн
цагаасаа эхлээд юм бүхэнд суралцсаар байдаг. Эхлээд хүн болохын ухаанд, дараа
нь хүн байхын ухаанд суралцах гэж онож алдан суралцдаг.
Би одоохондоо багшийн эрдэмд
суралцаж байгаа нэгэн. Алдаа их гарах юм, гагцхүү бүхнийг залуу насны
туршлагагүйн далимд хаацайлж өнгөрөөхөөс илүү засаж залруулах арга зам
эрэлхийлсээр байна. Хичээл зааж байхад урдуур суусан цөөхөн хэдэн хүүхэд хичээл
хийж, хойгуур суусан олонх нь хийх юмаа олж ядан сэлгүүцэж үймүүлж байгааг
харахад уур хүрэхээсээ илүү өөрийгөө хичээлийг сайн зохион байгуулж чадахгүй
байгаадаа буруутгах нь олширч “багш” болох урт аянаас буцчих хүсэл олон төрөх
болжээ.
Заах хичээлийн минь онолын
мэдлэг хавьгүй их, тэрнийг жинхэнэ эздэд нь хүргэх хугацаа давчуу, амьдрал дээр
хэрэглэх тохиолдол арвин байх энэ боловсролын боловсроогүй тогтолцооны үед багш болсон учрал тохиолдлыг эцэс төгсгөлгүй
эрэл хайгуул, судалгаагаар эхлүүлж байгаа минь багш хүн эргээд сурагдаасаа
суралцдаг болохыг нэгэнтээ нотлох юм. хичээлийг хамгийн үр бүтээлтэй, хүн
бүрийн оролцоотой, үргэлжлүүлэн амьдрал, ахуй орчиндоо хэрэглэж хэвших
хэрэгцээтэй жинхэнэ мэдлэгийг эзэмшүүлэх арга зам чухам юу байх вэ. Энэ миний
багш болох бодит сургууль болно. Шүлэг заагаад хоосон цээжлүүлж хажуудаа дутуу
дулимаг ээрч гацсан байдалтай хүүхдээр уншуулж худал дүн тавьж хоёр биенийгээ, цаашлаад
хоосон толгойтой иргэнээр дүүргэх гэж эх орноо хуурч мэхлээд яах билээ.
Хичээлээ амжилттай заахын тулд
хүүхэд нэг бүрийг сайн танин мэдэж онцлогийг нь ойлгож мэдэрснээр ижил төстэй зан
авиртай, ойлгоц сурах арил барилтай байдлаар нь баг бүрдүүлж тэр түвшинд нь
тохирсон заах аргаар хичээлээ заах нь илүү үр дүнтэй байдаг ч тэр болгонтой
дээр бичсэн шигээ нэгдэж нийлж нэг бүрчлэн ажиллахад нэг ангийг бүрдүүлж байгаа
гуч, дөчин хүүхдийн тоо оногдсон цаг хугацааг маань хайрлахгүй үрэх тул нэг л
арга барилаар нийт хичээлийнхээ өгөх ёстой мэдлэгийг бүрэн олгосоны дараа
үлдсэн жаахан хугацаанд нь гарсан, гарч болох зарим алдаа, амжилтыг дурдах
төдийд зарцуулагдаж байгаа. Гэхдээ би заасан хичээлийг маань хүүхдүүдсурах
эрмэлзэлтэй байж, амьдралд нь хэрэглэгдэж байгаа гэдэгт итгэж өмнөх хичээлийг минь
нэхэн санагалздаг сурагчдаасаа урам авч тэжээгддэг багш хүн. Би энэ байдлаас улам улам туршлага хуримтлуулж
улам сайн багш болно. Миний хичээл заасан олон олон хүүхдүүдээс бас нэгэн багш
төрж тэд бас багшлахын ухаанд гаргуун суралцаж нэг л мэдэхэд он цагийн гайхамшиг
намайг багшийн багшийн багш болгосон
байна гэдэгт би гүнээ итгэнэ.
Sunday, September 21, 2014
Friday, August 22, 2014
Thursday, August 21, 2014
Багшдаа
Шаргал намрын навчис шаржиганан шуугих баяраар
Шинээр нэмсэн насаа эрдмээр чимхээр ирэхэд
Өдлөг цасан өвлийг өнгө өнгөөр сүлэлдүүлж
Өөрийн биеэр туулсан эрдмийн замаа дэлгэж
Болзоот хаврын гэгэлгэн салхинд
Бодол, хүсэлдээ хөтлөгдсөн шинэ иргэнээ үдсэн
Гэгээн зуны өглөөний нар шиг, жинтэй хэрнээ итгэлтэй төөнөх
Гүн бодлын үзүүрт үнэн шиг үргэлж уяатай байх багшдаа,
Баярлалаа гэдэг үгийг, барьж аваад амьдрал болгомоор
Балчир ухаан хичнээн тэлсэнийг багшдаа үзүүлж
Бас дахиад нэг магтуулмаар...
Шинээр нэмсэн насаа эрдмээр чимхээр ирэхэд
Өдлөг цасан өвлийг өнгө өнгөөр сүлэлдүүлж
Өөрийн биеэр туулсан эрдмийн замаа дэлгэж
Болзоот хаврын гэгэлгэн салхинд
Бодол, хүсэлдээ хөтлөгдсөн шинэ иргэнээ үдсэн
Гэгээн зуны өглөөний нар шиг, жинтэй хэрнээ итгэлтэй төөнөх
Гүн бодлын үзүүрт үнэн шиг үргэлж уяатай байх багшдаа,
Баярлалаа гэдэг үгийг, барьж аваад амьдрал болгомоор
Балчир ухаан хичнээн тэлсэнийг багшдаа үзүүлж
Бас дахиад нэг магтуулмаар...
Мөнө
Monday, August 4, 2014
Уран зохиолын шүүмжлэгч, зохиолч Цэрэндоржийн Мөнхийн намтар
Нэхээдэй овогт Цэрэндоржийн Мөнх 1935 оны 1 сарын 30-наа
Булган аймгийн Тэшиг сумын нутаг Нуртын адаг (Монгол,
Буриадын хилийн зааг, “Овоотын үзүүр” ч гэж нутгийнхан нэрлэдэг) гэдэг газар эцэг Ц.Цэрэндорж эх О.Дашцоо нарын дөрөв дэх (Бадам, Дамдин, Банхи, Мөнх, Лхамсүрэн нарын таван
хүүхэдтэй айлын) хөвүүн болон мэндэлжээ.
Түүний удам угсааг тодруулбал Байгал нуураас Монголын
хойд нутгаар олон зуун жил нүүдэллэн
амьдарч байгаад Ардын хувьсгал ялж хилийн зааг тогтоогдох үест Монголын засгийн газарт хүсэлт гарган 1922
онд Монгол улсын харьяалалд шилжин ирж Булган аймгийн Тэшиг сумын нутагт суурьшжээ. Одоо ч Буриадын Улан-Үд,
Закаменскад Нэхийт удмын буриадууд амьдардаг аж. Тэшиг сумын цөөн буриад зоныг
1918 оны үймээн, 1937 оны их хэлмэгдүүлэлт, дэлхийн хоёрдугаар дайны жилүүд
тойроогүй байна. Тэд яс үндэс, ёс заншил, аж төрөх байдлаа буриад хэвээр нь
хадгалан үлдэж, модон өрх бүхий, дээврийг нь хусны үйсээр зулж, дүнзэн модоор
дөрвөлжлөн зааж барьсан байшиндаа аж төрсөөр байсан гэдэг. Ц.Мөнхийн эцэг ан
гөрөө, газар тариалан эрхлэн, цөөн тооны мал адгуулж мод чулуу, арьс ширээр
ахуй хэрэгцээнийхээ зүйлийг урлачихдаг хөдөлмөрч хүн байжээ.
Ц.Мөнхийн эцэг Цэрэндорж, өвөг эцэг Цэдэнгээс дээд үеийн
овог болох Нэхээдэй гэдэг нэр нь нэхий дээлний үсийг нь гадагш нь харуулан өвөл
зунгүй өмсдөг Төөвий (эмгэн)
–ний хоч нэр бололтой[1].
Эцэг Цэдэнгийн Цэрэндорж 1892 онд Буриадын Закаменск районы нутаг Нурт гэдэг
газар төрж өсчээ. Тэрээр 1937 онд хувьсгалын эсэргүү гэгдэн баривчлагдаж 1938
онд 46 настайдаа хилс хэргээр цаазлуулж, хожим Улсын Дээд Шүүхийн тогтоолоор
цагаатгагджээ. Өндөр нуруутай, халзан толгойтой, бор хүн байсан, монгол
бичигтэй, оросоор бага зэрэг ярьдаг гэж ач охин Лхамсүрэнгийн яриа байна. Эмэг
эх О.Дашцоо 42 насандаа 5 өнчин хүүхэдтэй үлдэж, хөрөнгөө хураалгаж турсан ганц
охин тугалтай үлдсэн ч буриад самганы арга сүйхээгээр үр хүүхдээ өсгөн хөлийг
нь дөрөөнд хүргэжээ. Тэрээр 1895 онд Тэшиг сумын Нурт гэдэг газар мэндэлж,
хожуу Улаанбаатарт хүү Ц.Мөнхийнд арав гаруй жил амьдарч ач нараа өсгөлцөөд
1973 онд Тэшиг сумнаа таалал болжээ.
Судлаачийн эцэг Цэрэндоржийнх өвөлдөө Дунд нарийн, зундаа
Эрээн уул нэрт ус, ургамал, амьтан
тэгширсэн үзэсгэлэнт газраар нутаглаж байсан нь бяцхан хүү Ц.Мөнхөд загас
барьж, жимс самар түүх, мал хариулах зэрэг зугаатай ажилд зарагдаж хүүхэд насаа
эх байгальтай ойр дотно өнгөрүүлэх, хөгшид буурлуудын үлгэр домог, сонин хачин
хууч яриа зэргийг сонсох боломж олгож, түүний ирээдүйд хүүхдийн зохиол
бичих сэдэв санаа нь болсоныг хойд
бүлэгт өгүүлнэ.
Соёлын довтолгооноор нэг айлаас нэг хүүхэд сургуульд
сурах, хүн бүр бичигтэн болох компанит ажил улс даяар өрнөхөд 1943 оны намар
ажилд тус нэмэр бага хэмээгдэн эгч Бадамынхаа оронд Ц.Мөнх Тэшиг сумын 4 жилийн бага сургуульд элсэж, улмаар Хантай
сумын 7 жилийн дунд сургуулийн тавдугаар ангид дэвшин суралцжээ. Өмнө ах нарыг
нь эсэргүүний хүүхэд гээд сургуульд авдаггүй асан цаг арай зөөлөрсөн тул азаар
сургуульд оржээ. Дайны жилүүдэд Хантайн бага сургууль ном, дэвтэргүй ногоон
цайны ороолт цаасыг үдэж хийсэн дэвтэрт, хөө саахар хольж хийсэн бэхээр, хар
лакаар будсан төмөр самбар дээр шохойны оронд яс шатаан бичсэн хичээлийг
тогтоож, бичиж авдаг байсан цаг үеийг туулжээ.
”Тэгэхэд Мөнх юмыг их гярхай ажигладаг цаад уг учрыг нь
олохыг оролддог хүүхэд байсан” гэж багын найз Ж.Чойжил дурссан нь буй.
Ц.Мөнх 1950 онд Булган аймгийн төвийн 10 жилийн дунд
сургуульд дэвшин суралцсан ба тэр үеийн
арван жилийн сургуульд байгалийн ухааны хичээл заах багш дутагдалтай тул
нийгмийн ухааны хичээлүүд түлхүү орсоноос ном сонин унших дур сонирхол их болж,
бас ч энэ чигийн ном зохиол олдох нь дөхөм байж. Ц.Мөнх хүү үндэсний хэлбичиг,
уран зохиолд шимтэж Булган аймгийн “Сталинч “ сонинд есдүгээр ангид ахуйдаа анх
Парижийн коммуний тухай нийтлэл хэвлүүлж, бичлэгийн шагналд 17 төгрөг авч
байсан гэдэг[2].
Энэ явдалдаа урамшин уран зохиол руу улам тэмүүлж, хичээнгүй суралцах болжээ.
1953 онд дунд сургуулиа төгсөөд МУИС-д элсэхээр
Улаанбаатарт ирсэн ч шалгалтаас хоцорч, эргэн Тэшиг сумын бага сургуульд жил
багшлаад 1954 онд хүсэн хүлээсэн МУИС–ийн монгол хэл-уран зохиолын ангид оюутан
болж, энэ үеэс Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Ш.Гаадамба, П.Хорлоо,
Ш.Нацагдорж зэрэг нэрт эрдэмтдийн лекц сонсож сургуулийнхаа уран зохиолын
дугуйланд явж, хожмоо уран зохиолын нэрт төлөөлөгчид болсон үе тэнгийнхэнтэй
ойр дотно нөхөрлөжээ. Энэ үедээ МУИС-ийн уран зохиолын дугуйлангийн гишүүдийн
“Далайд дусал нэмэр” бичмэл ба хэвлэмэл зохиолын цуврал бичгүүдийг гаргахад
идэвхтэй оролцож байв.
Тэр МУИС-ийн II ангид байхдаа зохиолч Ж.Лодойн “Улаалзай” өгүүллэгийн
тухай анхны шүүмжээ бичиж “Утга зохиол, урлаг” сонины 1956 оны 8 дугаарт
хэвлүүлж, мөн өөрийн анхны өгүүллэг
“Шуудан хүргэгч”–ээ 1960 оны “Үнэн” сонины 250 дугаарт хэвлүүлсэн нь түүний
уран бүтээлийн гараа байв.
Ц.Мөнх МУИС–ийг 1958 онд онц төгсөөд, Шинжлэх Ухааны Дээд
Боловсролын хүрээлэнд ЭШ-ний ажилтнаар томилогдон ажиллаж, МУИС-д цагаар
багшилж, Их сургуулийн багш нарын байранд
/одоогийн Соёлын төв өргөөний буурь/ панеран дотортой ганц өрөөнд дүү
нарын хамт амьдарч, нутаг орноос ирсэн явуулын хүмүүс холхисон их хөл хөсөөн
дунд аж төрж байжээ. Энэ үедээ МУИС –ийн хууль цаазны ангийн оюутан
Ц.Тунгалагтай танилцаж, 1961 онд гэр бүл болжээ.
Уран зохиолын судлал шүүмжлэлийн ажил зогсонги байгааг
МАХН-ын Төв Хороо онцлон анхааруулж, 1961 онд тогтоол гаргаж, М.Горькийн
нэрэмжит Утга Зохиолын Дээд Сургуулийн Дээд курст залуу шүүмжлэгч Ц.Мөнх,
Д.Цэнд, шүүмжлэгч Г.Жамсранжав нарын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхээр илгээжээ.
Энэ он /1962/- ы хавар том хүү Бор
мэндэлж, түүнд зориулан “Борхүү” өгүүллэгээ бичжээ. Ийн нэр өгсөн явдал нь эцэг
Цэрэндоржийн хүүхэд насны “өхөөрдөл” нэрийг бодож өгсөн хэмээн шавь доктор
Д.Өлзийбаяр* дурсжээ. 1964 онд Ажилчны районд (Хан–уул дүүрэг 120 мянгатад) хоёр өрөө орон сууцанд орж, удалгүй дунд хүү Нэхийт (1965-2002)
төрөхөд “Нэхийт хүүгийн тухай үлгэр “ өгүүлэгээ бичжээ.
Харин бага хүү Лхагва 1969 онд төрөхөд “Банхар минь” туужаа зориулж бичжээ.
Ц.Мөнх Орост Дээд Курс төгсөөд МЗЭ-ийн Хорооны Судлал
шүүмжлэлийн зөвлөлийн эрхлэгчээр томилогдож, 1983 онд шавь доктор Ч.Дагвадоржид
ажлаа шилжүүлж, 1989 он хүртэл мэргэжлийн зохиолчоор ажиллажээ. Эл 26 жилд
олонх уран сайхны бүтээлээ туурвиж, уран зохиолын судлаач шүүмжлэгчдийн залуу
халааг бэлтгэх ажлаа үргэлжлүүлж байв.
1989 оноос ШУА–ийн ХЗХ-нд шавь академич Х.Сампилдэндэвийн
урилгаар ЭШ-ний ахлах ажилтнаар судалгааны ажил хийж, МУБИС, УЗНАДС,
“Гурван-Эрдэнэ” дээд сургуулиудад уран зохиолын онол, ур чадварын хичээлүүд
зааж байв. 2000 оны 2-р сарын 16-нд оюутанд лекц уншиж байгаад гэнэт өвдөж, 65
насандаа хорвоогоос халин одсон нь харамсавч баршгүй.
Тэрээр 1972 онд
“Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал”, 1979 онд “Монголын уран зохиолд
марксист шүүмжлэл үүсч хөгжсөн нь”
сэдвээр хэл бичгийн ухааны доктор /PhD/-ын зэрэг хамгаалж, 1995 онд дэд профессор цол, 1996 онд
“Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал” хүртжээ. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас
үнэлэн Ардын хувьсгалын ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
шагнасан юм.
Subscribe to:
Posts (Atom)