Цагаа хэмнээд ...

Thursday, August 21, 2014

Багшдаа

Шаргал намрын навчис шаржиганан шуугих баяраар
Шинээр нэмсэн насаа эрдмээр чимхээр ирэхэд
Өдлөг цасан өвлийг өнгө өнгөөр сүлэлдүүлж
Өөрийн биеэр туулсан эрдмийн замаа дэлгэж
Болзоот хаврын гэгэлгэн салхинд
Бодол, хүсэлдээ хөтлөгдсөн шинэ иргэнээ үдсэн
Гэгээн зуны өглөөний нар шиг, жинтэй хэрнээ итгэлтэй төөнөх
Гүн бодлын үзүүрт үнэн шиг үргэлж уяатай байх багшдаа,
Баярлалаа гэдэг үгийг, барьж аваад амьдрал болгомоор
Балчир ухаан хичнээн тэлсэнийг багшдаа үзүүлж
Бас дахиад нэг  магтуулмаар...

                                                                                                                                 Мөнө

Monday, August 4, 2014

Уран зохиолын шүүмжлэгч, зохиолч Цэрэндоржийн Мөнхийн намтар



Нэхээдэй овогт Цэрэндоржийн Мөнх 1935 оны 1 сарын 30-наа Булган аймгийн Тэшиг сумын нутаг Нуртын адаг  (Монгол, Буриадын хилийн зааг, “Овоотын үзүүр” ч гэж нутгийнхан нэрлэдэг) гэдэг газар эцэг Ц.Цэрэндорж эх О.Дашцоо нарын дөрөв дэх (Бадам, Дамдин, Банхи, Мөнх, Лхамсүрэн нарын таван хүүхэдтэй айлын) хөвүүн болон мэндэлжээ.
Түүний удам угсааг тодруулбал Байгал нуураас Монголын хойд нутгаар  олон зуун жил нүүдэллэн амьдарч байгаад Ардын хувьсгал ялж хилийн зааг тогтоогдох үест  Монголын засгийн газарт хүсэлт гарган 1922 онд Монгол улсын харьяалалд шилжин ирж Булган аймгийн Тэшиг сумын нутагт  суурьшжээ. Одоо ч Буриадын Улан-Үд, Закаменскад Нэхийт удмын буриадууд амьдардаг аж. Тэшиг сумын цөөн буриад зоныг 1918 оны үймээн, 1937 оны их хэлмэгдүүлэлт, дэлхийн хоёрдугаар дайны жилүүд тойроогүй байна. Тэд яс үндэс, ёс заншил, аж төрөх байдлаа буриад хэвээр нь хадгалан үлдэж, модон өрх бүхий, дээврийг нь хусны үйсээр зулж, дүнзэн модоор дөрвөлжлөн зааж барьсан байшиндаа аж төрсөөр байсан гэдэг. Ц.Мөнхийн эцэг ан гөрөө, газар тариалан эрхлэн, цөөн тооны мал адгуулж мод чулуу, арьс ширээр ахуй хэрэгцээнийхээ зүйлийг урлачихдаг хөдөлмөрч хүн байжээ.
Ц.Мөнхийн эцэг Цэрэндорж, өвөг эцэг Цэдэнгээс дээд үеийн овог болох Нэхээдэй гэдэг нэр нь нэхий дээлний үсийг нь гадагш нь харуулан өвөл зунгүй өмсдөг Төөвий (эмгэн) –ний хоч нэр бололтой[1]. Эцэг Цэдэнгийн Цэрэндорж 1892 онд Буриадын Закаменск районы нутаг Нурт гэдэг газар төрж өсчээ. Тэрээр 1937 онд хувьсгалын эсэргүү гэгдэн баривчлагдаж 1938 онд 46 настайдаа хилс хэргээр цаазлуулж, хожим Улсын Дээд Шүүхийн тогтоолоор цагаатгагджээ. Өндөр нуруутай, халзан толгойтой, бор хүн байсан, монгол бичигтэй, оросоор бага зэрэг ярьдаг гэж ач охин Лхамсүрэнгийн яриа байна. Эмэг эх О.Дашцоо 42 насандаа 5 өнчин хүүхэдтэй үлдэж, хөрөнгөө хураалгаж турсан ганц охин тугалтай үлдсэн ч буриад самганы арга сүйхээгээр үр хүүхдээ өсгөн хөлийг нь дөрөөнд хүргэжээ. Тэрээр 1895 онд Тэшиг сумын Нурт гэдэг газар мэндэлж, хожуу Улаанбаатарт хүү Ц.Мөнхийнд арав гаруй жил амьдарч ач нараа өсгөлцөөд 1973 онд Тэшиг сумнаа таалал болжээ.
Судлаачийн эцэг Цэрэндоржийнх өвөлдөө Дунд нарийн, зундаа Эрээн  уул нэрт ус, ургамал, амьтан тэгширсэн үзэсгэлэнт газраар нутаглаж байсан нь бяцхан хүү Ц.Мөнхөд загас барьж, жимс самар түүх, мал хариулах зэрэг зугаатай ажилд зарагдаж хүүхэд насаа эх байгальтай ойр дотно өнгөрүүлэх, хөгшид буурлуудын үлгэр домог, сонин хачин хууч яриа зэргийг сонсох боломж олгож, түүний ирээдүйд хүүхдийн зохиол бичих  сэдэв санаа нь болсоныг хойд бүлэгт өгүүлнэ.
Соёлын довтолгооноор нэг айлаас нэг хүүхэд сургуульд сурах, хүн бүр бичигтэн болох компанит ажил улс даяар өрнөхөд 1943 оны намар ажилд тус нэмэр бага хэмээгдэн эгч Бадамынхаа оронд Ц.Мөнх Тэшиг сумын  4 жилийн бага сургуульд элсэж, улмаар Хантай сумын 7 жилийн дунд сургуулийн тавдугаар ангид дэвшин суралцжээ. Өмнө ах нарыг нь эсэргүүний хүүхэд гээд сургуульд авдаггүй асан цаг арай зөөлөрсөн тул азаар сургуульд оржээ. Дайны жилүүдэд Хантайн бага сургууль ном, дэвтэргүй ногоон цайны ороолт цаасыг үдэж хийсэн дэвтэрт, хөө саахар хольж хийсэн бэхээр, хар лакаар будсан төмөр самбар дээр шохойны оронд яс шатаан бичсэн хичээлийг тогтоож, бичиж авдаг байсан цаг үеийг туулжээ. ”Тэгэхэд Мөнх юмыг их гярхай ажигладаг цаад уг учрыг нь олохыг оролддог хүүхэд байсан” гэж багын найз Ж.Чойжил дурссан нь буй.
Ц.Мөнх 1950 онд Булган аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд  дэвшин суралцсан ба тэр үеийн арван жилийн сургуульд байгалийн ухааны хичээл заах багш дутагдалтай тул нийгмийн ухааны хичээлүүд түлхүү орсоноос ном сонин унших дур сонирхол их болж, бас ч энэ чигийн ном зохиол олдох нь дөхөм байж. Ц.Мөнх хүү үндэсний хэлбичиг, уран зохиолд шимтэж Булган аймгийн “Сталинч “ сонинд есдүгээр ангид ахуйдаа анх Парижийн коммуний тухай нийтлэл хэвлүүлж, бичлэгийн шагналд 17 төгрөг авч байсан гэдэг[2]. Энэ явдалдаа урамшин уран зохиол руу улам тэмүүлж, хичээнгүй суралцах болжээ.
1953 онд дунд сургуулиа төгсөөд МУИС-д элсэхээр Улаанбаатарт ирсэн ч шалгалтаас хоцорч, эргэн Тэшиг сумын бага сургуульд жил багшлаад 1954 онд хүсэн хүлээсэн МУИС–ийн монгол хэл-уран зохиолын ангид оюутан болж, энэ үеэс Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Ш.Гаадамба, П.Хорлоо, Ш.Нацагдорж зэрэг нэрт эрдэмтдийн лекц сонсож сургуулийнхаа уран зохиолын дугуйланд явж, хожмоо уран зохиолын нэрт төлөөлөгчид болсон үе тэнгийнхэнтэй ойр дотно нөхөрлөжээ. Энэ үедээ МУИС-ийн уран зохиолын дугуйлангийн гишүүдийн “Далайд дусал нэмэр” бичмэл ба хэвлэмэл зохиолын цуврал бичгүүдийг гаргахад идэвхтэй оролцож байв.
Тэр МУИС-ийн II ангид байхдаа зохиолч Ж.Лодойн “Улаалзай” өгүүллэгийн тухай анхны шүүмжээ бичиж “Утга зохиол, урлаг” сонины 1956 оны 8 дугаарт хэвлүүлж, мөн өөрийн анхны  өгүүллэг “Шуудан хүргэгч”–ээ 1960 оны “Үнэн” сонины 250 дугаарт хэвлүүлсэн нь түүний уран бүтээлийн гараа байв.
Ц.Мөнх МУИС–ийг 1958 онд онц төгсөөд, Шинжлэх Ухааны Дээд Боловсролын хүрээлэнд ЭШ-ний ажилтнаар томилогдон ажиллаж, МУИС-д цагаар багшилж, Их сургуулийн багш нарын байранд  /одоогийн Соёлын төв өргөөний буурь/ панеран дотортой ганц өрөөнд дүү нарын хамт амьдарч, нутаг орноос ирсэн явуулын хүмүүс холхисон их хөл хөсөөн дунд аж төрж байжээ. Энэ үедээ МУИС –ийн хууль цаазны ангийн оюутан Ц.Тунгалагтай танилцаж, 1961 онд гэр бүл болжээ.
Уран зохиолын судлал шүүмжлэлийн ажил зогсонги байгааг МАХН-ын Төв Хороо онцлон анхааруулж, 1961 онд тогтоол гаргаж, М.Горькийн нэрэмжит Утга Зохиолын Дээд Сургуулийн Дээд курст залуу шүүмжлэгч Ц.Мөнх, Д.Цэнд, шүүмжлэгч Г.Жамсранжав нарын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхээр илгээжээ. Энэ  он /1962/- ы хавар том хүү Бор мэндэлж, түүнд зориулан “Борхүү” өгүүллэгээ бичжээ. Ийн нэр өгсөн явдал нь эцэг Цэрэндоржийн хүүхэд насны “өхөөрдөл” нэрийг бодож өгсөн хэмээн шавь доктор Д.Өлзийбаяр* дурсжээ. 1964 онд Ажилчны районд (Хан–уул дүүрэг 120 мянгатад) хоёр өрөө орон сууцанд орж, удалгүй дунд хүү Нэхийт (1965-2002) төрөхөд “Нэхийт хүүгийн тухай үлгэр “ өгүүлэгээ бичжээ. Харин бага хүү Лхагва 1969 онд төрөхөд “Банхар минь” туужаа зориулж бичжээ.
Ц.Мөнх Орост Дээд Курс төгсөөд МЗЭ-ийн Хорооны Судлал шүүмжлэлийн зөвлөлийн эрхлэгчээр томилогдож, 1983 онд шавь доктор Ч.Дагвадоржид ажлаа шилжүүлж, 1989 он хүртэл мэргэжлийн зохиолчоор ажиллажээ. Эл 26 жилд олонх уран сайхны бүтээлээ туурвиж, уран зохиолын судлаач шүүмжлэгчдийн залуу халааг бэлтгэх ажлаа үргэлжлүүлж байв.
1989 оноос ШУА–ийн ХЗХ-нд шавь академич Х.Сампилдэндэвийн урилгаар ЭШ-ний ахлах ажилтнаар судалгааны ажил хийж, МУБИС, УЗНАДС, “Гурван-Эрдэнэ” дээд сургуулиудад уран зохиолын онол, ур чадварын хичээлүүд зааж байв. 2000 оны 2-р сарын 16-нд оюутанд лекц уншиж байгаад гэнэт өвдөж, 65 насандаа хорвоогоос халин одсон нь харамсавч баршгүй.
 Тэрээр 1972 онд “Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал”, 1979 онд “Монголын уран зохиолд марксист  шүүмжлэл үүсч хөгжсөн нь” сэдвээр хэл бичгийн ухааны доктор /PhD/-ын зэрэг хамгаалж, 1995 онд дэд профессор цол, 1996 онд “Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал” хүртжээ. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлэн Ардын хувьсгалын ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор  шагнасан юм.


[1] Ц.Мөнх, Ч.Чимидийн яруу найргийн ертөнц, Уб., 2010. 89-р тал
[2] Ц.Банзрагчийн дурсамжаас. Бор.М, Лхагва.М, Цэдэн.Н Ц.Мөнхийн дэг сургууль, Уб., 2009.