Цагаа хэмнээд ...

Saturday, October 25, 2014

Миний хүүхэд насны гэгээн дурсамж



Магтаалд дуртай хүүхэд нас минь одоо ч хэвээрээ. Миний амьдрал хүүхэд байхдаа илүү өнгөлөг, гэрэлтэй байсан мэт төсөөлөгддөг юм. Мартаж санахын гэмээр зарим нэгийг нь нэмэрлэж хачирласан буруутгаж зэмлэсэн тал байдаг ч гэсэн миний түүх, хүн байхын минь үндэс суурь нь болох тул хүүхэд насандаа хайртай, алдаа бүхнийг нь өмөөрөх дуртай байдаг даа.
Найман настай сургуульд орсон маань одооны хүүхдүүдийн дэргэд хожуу орсон мэт боловч тэрнээс өмнөх үйл явдал хүсэл мөрөөдлийнхөө талаар бүүр түүрхэн төсөөлөлтэй байдаг юм.  магадгүй ном эрдэм сурах их шамдуу хугацаа тийм болгосон ч байж мэдэх юм. /Эрдэм ном сурсныгаа буруутгасангүй/.
Тэгэхдээ би бага насныхаа хүсэл мөрөөдлийг хэзээ ч мартдаггүй юм. Учир нь би хүслээ биелүүлэх их ажлынхаа үзүүрээс атгачихсан байгаа.
Сайхан бүхнийг  даган дуурайгаад олон хүүхэд олон янзын мэргэжил эзэмшээд, элэг бүтэн сайхан гэр бүлтэй болохыг бүгд хүсэж мөрөөдөж байсан нь бидний айл гэрдэж тоглож өссөн аргалын навсархай амбаартаа ааваасаа гуйж авч үлддэг байсан авдар, аргалын дөрвөлж, аягатай цайны тод дурсамж одоо бидэнд гэрчилнэ. Тэрэн дунд би тоглож дарвиж явсан ч аль хэдийнээ даалгавраа хийчихсэн, хариуцуулж өгсөн тааруу сурлагатай хүүхэддээ тооны хүрдийг нь цээжлүүлчихсэн тэрүүхэн тэндээ багш явлаа. Дуртай байсан, юм сурах. Тэгэхдээ бүр бусдад зааж өгөөд тэрнээсээ өөрөө өшөө илүүг сурч авдаг байсан даа. Тоглоомтой өнгөрөөсөн бага насаа дурсхад буцаад оччихсон юм шиг, багынх  шигээ ганц удаа алчуур нууж тогломоор ч юм шиг санагдаж багынхаа найзтай уулзаж гэгэлзсэн сэтгэлээ нээж суух одоо мөн ч их дуртай болжээ. Алчуур нууж ангийхантайгаа сургуулийн гадаа тоглож байгаад жижүүр өвөөд хөөгддөгсөн. Тэндээс л би анх өөрийгөө тоож, анхны үерхэл шохоорхол эхэлж, анх удаа багшийгаа “ангиа гүйцэд тараагаагүй” ялнаас аварч байгаа гэнэн ухаанд, хариуцлага хүлээх чадвар эхэлж төлөвшсөн цагсан. Сумын төвийн салаа хоёр гудамжны нугасанд бид үргэлжлүүлээд тоглодог сон. Төрөө миний ард алчуур унагахад би яаралгүй авч ардаас нь албаар алдаж чулуудна. Амьхандаа түүнийг бусдад ч тэр өөрт нь ч тэр мундаг хүн болгож харагдуулах гэж тэр шүү дээ. Дараагийн удаа би мөн л Төрөөгийн ард алчуураа унагана. “Өө болилдоо та хоёр бие биенийхээ ард л хаях юм” гэж ангийхан холбож шоолохдоо гомдлыг үг дайна. Хөөрхөн хайрын улаан туяа хацар дээр гүнээ тодорч хүсэл сэтгэлийг гижигдэнэ. Тэр шөнө тэгээд нойр хулжиж инээмсэглэн инээмсэглэсээр ид шидийн зүүдэндээ дахин хөтлөлцөж тоглоно.  Ирэх өдрийн уртад намайг шоглоход нь гомдож уйлна, Энхцэцэг рүү хараад инээхлээр нь харамлаж уурлана. Эр бие жагссан хорин насны сүүлээр Хорлоотой суухад чинь харамссан тэр мэдрэмжээ тэгхэд анх амссанаа бодон бодон гуниглана. Ижии аавдаа загнуулахдаа давхар Төрөөд хэлэх хатуухан үгээ дайж өөдөөс нь хэгжүүрхэнэ. Эгч болж ээж аавдаа тусад орсон үе минь тэндээс харин эхэлсэн.
Балдан надад захиа өгхөд жаахан эвгүй байсан, бор царайг нь улайлгаж баахан алдааг нь улаан балаар тэмдэглэж хариу болгон илгээнэ. Хариу авсан байх өдрийг нь шоглож өнгөрөөнө, удаах захиаг хүлээсэн хэрнээ, охидод тохуурхсан түүхээ ярьж айлгүйтэхийн эрдэмд суралцсансан. Аймгаас ирсэн шинэ биеийн тамирын багш ах шиг минь сайн хүн шиг санагдаж саваагүй томоогүй зангаа хамжаарагагүй дэлгэж “Сайн болчихжээ” гээд гүйж явсан минь гүн урт холын аянд гэрлэлт болон цэцэглэнэ чинээ санаагүйсэн. Сайрхах юм даанч биш дээ, Санчигандаа бууралтай эр хүнд би хайртай. /Ц.Хулан/. Энэ хүртэл үргэлжилсэн үлгэрийн юм шиг санадаг, өөрийнхөө жааханд би бүр дуртай.

Би багшийн багшийн багшийн багш болмоор байна.


Шаргал намрын навчис шаржиганан шуугих баяраар
Шинээр нэмсэн насаа эрдмээр чимхээр ирэхэд
Өдлөг цасан өвлийг өнгө өнгөөр сүлэлдүүлж
Өөрийн биеэр туулсан эрдмийн замаа дэлгэж
Болзоот хаврын гэгэлгэн салхинд
Бодол, хүсэлдээ хөтлөгдсөн шинэ иргэнээ үдсэн
Гэгээн зуны өглөөний нар шиг, жинтэй хэрнээ итгэлтэй төөнөх
Гүн бодлын үзүүрт үнэн шиг үргэлж уяатай байх багшдаа,
Баярлалаа гэдэг үгийг, барьж аваад амьдрал болгомоор
Балчир ухаан хичнээн тэлсэнийг багшдаа үзүүлж
Бас дахиад нэг  магтуулмаар...
/Мөнө/
Бадаг мөр нь цөөхөн ч гэсэн дээрх хэдэн мөртөд багш хүний нэг зүйлийн хөдөлмөрийг хураангуйлан өгүүлсэн шиг санагддаг. Сургуульдаа яаран шинэ хувцасаараа гоёсоор ирсэн хүүхдүүдийг зочин ёсоор хүлээж авч ухамсарт, соёлч, боловсорсон иргэн болгон даруухан хэрнээ дүүрэн гунигтай үддэг ард хоцорсон амьдралын тод дурсамжийн амьд гэрч бол багш хүн билээ. Мянга мянга шавиараа бахархаж бардамнаж явахаасаа түрүүлж болсонгүй амьдралтайд нь сэтгэлээ чилээж боломжоо шавхан суудаг сонин зовиуртай тавиланг эзэмшиж суудгийг нь хэн ч мэдэхгүй, зарим тохиолдлын зовлонг нь хуваалцсан шавь нар нь л гадарладаг. Нэрлэсэн энэ үг өөрөө асар их хүндлэл авч ирдэг шиг маш их хариуцлагыг хүнд үүрүүлдэг нь магадгүй энэ хувь тавиланг бүтээчихдэг ч байж мэдэх юм.
Бусдаас арай түрүүлж сурсан зүйлээ мэдээгүйдээ зааж сургахыг, эрдэм түгээхийг “багш” гэж би хувьдаа ойлгоно. Харин манай ард түмний өв уламжлалд эрдэм мэдлэгтэй хүнийг багш хэмээн нэрлэж ирсэн. “Хашийг эс засвал сав болохгүй  хүнийг эс засвал эрдэм сурахгүй“ гэдэг манай ардын мэргэн үг бий. Өсхөөсөө эхлээд эрдэм ном заалгах багшийнхаа өмнө ирэх хүртлээ хорвоогийн олон араншид суралцаж ядсан тайлагдашгүй зан авир сурсан хэрэндээ л төлөвшчихсөн хүүхдүүдийг өөрийн уран арга ухаанаараа залж чиглүүлж дээр нь нэмээд ойлгох ёстой мэдлэгийг нь бүрэн гүйцэд, хүүхэд цааш улам боловсруулан өөрийн болгож хөгжүүлэхүйц сэдэлтэй болгож тухайн мэдлэгийг хүүхдэд эзэмшүүлнэ гэдэг хүнд хөдөлмөр. Хүн төрсөн цагаасаа эхлээд юм бүхэнд суралцсаар байдаг. Эхлээд хүн болохын ухаанд, дараа нь хүн байхын ухаанд суралцах гэж онож алдан суралцдаг.
Би одоохондоо багшийн эрдэмд суралцаж байгаа нэгэн. Алдаа их гарах юм, гагцхүү бүхнийг залуу насны туршлагагүйн далимд хаацайлж өнгөрөөхөөс илүү засаж залруулах арга зам эрэлхийлсээр байна. Хичээл зааж байхад урдуур суусан цөөхөн хэдэн хүүхэд хичээл хийж, хойгуур суусан олонх нь хийх юмаа олж ядан сэлгүүцэж үймүүлж байгааг харахад уур хүрэхээсээ илүү өөрийгөө хичээлийг сайн зохион байгуулж чадахгүй байгаадаа буруутгах нь олширч “багш” болох урт аянаас буцчих хүсэл олон төрөх болжээ.
Заах хичээлийн минь онолын мэдлэг хавьгүй их, тэрнийг жинхэнэ эздэд нь хүргэх хугацаа давчуу, амьдрал дээр хэрэглэх тохиолдол арвин байх энэ боловсролын боловсроогүй тогтолцооны үед  багш болсон учрал тохиолдлыг эцэс төгсгөлгүй эрэл хайгуул, судалгаагаар эхлүүлж байгаа минь багш хүн эргээд сурагдаасаа суралцдаг болохыг нэгэнтээ нотлох юм. хичээлийг хамгийн үр бүтээлтэй, хүн бүрийн оролцоотой, үргэлжлүүлэн амьдрал, ахуй орчиндоо хэрэглэж хэвших хэрэгцээтэй жинхэнэ мэдлэгийг эзэмшүүлэх арга зам чухам юу байх вэ. Энэ миний багш болох бодит сургууль болно. Шүлэг заагаад хоосон цээжлүүлж хажуудаа дутуу дулимаг ээрч гацсан байдалтай хүүхдээр уншуулж худал дүн тавьж хоёр биенийгээ, цаашлаад хоосон толгойтой иргэнээр дүүргэх гэж эх орноо хуурч мэхлээд яах билээ.
Хичээлээ амжилттай заахын тулд хүүхэд нэг бүрийг сайн танин мэдэж онцлогийг нь ойлгож мэдэрснээр ижил төстэй зан авиртай, ойлгоц сурах арил барилтай байдлаар нь баг бүрдүүлж тэр түвшинд нь тохирсон заах аргаар хичээлээ заах нь илүү үр дүнтэй байдаг ч тэр болгонтой дээр бичсэн шигээ нэгдэж нийлж нэг бүрчлэн ажиллахад нэг ангийг бүрдүүлж байгаа гуч, дөчин хүүхдийн тоо оногдсон цаг хугацааг маань хайрлахгүй үрэх тул нэг л арга барилаар нийт хичээлийнхээ өгөх ёстой мэдлэгийг бүрэн олгосоны дараа үлдсэн жаахан хугацаанд нь гарсан, гарч болох зарим алдаа, амжилтыг дурдах төдийд зарцуулагдаж байгаа. Гэхдээ би заасан хичээлийг маань хүүхдүүдсурах эрмэлзэлтэй байж, амьдралд нь хэрэглэгдэж байгаа гэдэгт итгэж өмнөх хичээлийг минь нэхэн санагалздаг сурагчдаасаа урам авч тэжээгддэг багш хүн.  Би энэ байдлаас улам улам туршлага хуримтлуулж улам сайн багш болно. Миний хичээл заасан олон олон хүүхдүүдээс бас нэгэн багш төрж тэд бас багшлахын ухаанд гаргуун суралцаж нэг л мэдэхэд он цагийн гайхамшиг  намайг багшийн багшийн багш болгосон байна гэдэгт би гүнээ итгэнэ.