Цагаа хэмнээд ...

Wednesday, January 13, 2016

ЦАГААН САР БА ХАР НУЛИМС

Арван нэгдүгээр оны хуучин улирлын арван хоёр сарын гучны өдөр тэнгэр цэлмэг, нар шарлан туссан үнэхээр нэг сайхан өдөр байв. Хойд уулын энгэрээр дун цагаан цас гилтэгнэн, түүний зах сэжүүр нь сэмэрч орж ядсан эцэнхий туранхай үхэр малууд хөл дээр гарч, үүгээр түүгээр сүүлээ ширвэн явцгаадаг нь санагдаж, тэсгэм хүйтний илч хариад, хаврын сайхан улирал ирж байгаа нь мэдэгдэн, хэдийгээр тааламжтай сайхан авч, малчин ардын бүсгүй Цэрмаа, Дагдангийн хаяанд зогсож, сэтгэлд их л гунихралтайгаар элдэв зүйлийг бодмоглон урт урт шүүрс алдана.
                Юу гэвэл, Цэрмаагийн нутаг Гурван сайханы өвөрт бөлгөө. Гэр ядуу тул, эцэг эх нь түүнийг хотод илгээж, Дагдангийнд зарцлуулан суулгасаар, гурван жилийн нүүр үзэж байгаа нь энэ.
Дагдангийн ажлын ихийг хэлэх үү, түүний эхнэрийн чангыг хэлэх үү, ирснээс хойш хэдэн жилийн дотор ер ч амарсангүй, бие сэтгэлийн зовлонг цадтал үзжээ. Энэ завсар Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ. Ялангуяа ойрноос цагаан сар болно хэмээн анхны хэдэн шөнө банш хийж нойргүй хонов. Дараах хэдэн шөнө юм оёж үүр цайлгав. Өнөө өдөр үүргэлэн нойрмоглож, бүхий бие зүдрэн галиравч, урьд нутагт байхдаа ийм нэг сайхан нар тусаж, уул талын цас хайлсан хаврын сайхан өдөр гэрийн хаяандаа сууж, сая төрсөн хэдэн хурга, ишигтэйгээ наадан тоглож байсан нь гэнэт санагдаж, гэр орон эцэг эх, хөдөө нутаг юугаан мөрөөдөн уйтгарлаж, сэтгэл нь хөдлөн байгаа нь энэ ажгуу.
 Гэтэл Дагдангийн эхнэр зургаан ханатай том гэгчийн цагаан гэрээс гарч ирээд, их л хүйтнээр хялайн харж, аягүйгээр зандран «Чи яасан хар золиг вэ? Олбог хивсний шороо, тоосыг гүвээд ир гэхэд энд юугаа хийсэн муу монди вэ? Хашааны хог арилгасан чинь энэ үү? Маргааш цагаан сарын шинийн нэгэн гэгчийг мэдэж байна уу, үгүй байна уу мал чи» гээд туужуугаар нуруун дунд нэг цохиж аваад, уурлан зогсоход Цэрмаа эсэргүүцэх аргагүй тул, «Толгой өвдөөд салхинд зогссон билээ, авгай минь» гээд хажууд бүхий том хивсийг авч, дааж ядан, цасан дээр сэгсэрнэ. Энэ үед ноднин жилийн бариулсан таван жангийн орос байшингийн цонхоор Дагдангийн охин Мядагмаа гэзэг үсээ самнан, нүүртээ оо энгэсэг түрхэн басхүү шинэ хийсэн бор ногоон торгон дээлээ тааруулан өмсөж байх нь үзэгдэнэ. Байшингийн дотор исгэрэн дуулж ийш тийш сэлгүүцэх бөгөөд цонхны бяцхан салхивчийг нээж, Цэрмааг дуудан: «Залуу айлчин эрчүүд ирвэл зүүн тасалгаанд оруул» хэмээн бас тушаал гаргана. Цэрмаа, Мядагмаагийн торгон дээлийн өнгөнд гялбахдаа өөрийн муу уранхай даавуу дээл уруугаа нэг хараад, Мядагмаагийн танхилзуур байдлыг өөрийн энэлэлт байдалтайгаар харшуулан бодож, нүднийхээ нулимсыг гилтэгнүүлсээр гэдрэг одож бас олбог журмын тоос шороог гүвж шүүрдэхийн хамт цагаан сарын өдөр манай гэрийн эзэд цөм сайхан торго дурдан дээл, буга минжин малгай хийж өмсөцгөөнө. Элдэв зүйлийн амтат идээ ба архи дарсыг төхөөрөн идэж ууцгаах нь ямар их жаргал вэ? Тийн атал би юунд ингэж нойр дутуу, уранхай дээлтэй, энэлэн шаналан явна гэж бодовч, нарийн учрыг олж эс мэдэн гагцхүү Мядагмаа хуучин дээлнээсээ нэгийг надад өмсүүлэх биз горьдоно. Дэвсгэрүүдийг цэвэрлэж дуусаад, байшингийн өмнөх хогийг арагт агуулж үүрэн, хашааны хаалганд хүртэл, гаднаас пүүсний хятадууд цагаан ваадантай боов болон бэлгийн зүйлсийг ирнэ. Зөрж гарахад нь тэдгээр хятадууд: «Ай танай сохорсон, нарийн юман дээр юунд хог буртаг гоожуулсан байна! Ай мангуу золиг аа» гэж бас зандран хараана. Аяа, Цэрмааг ноёлох хүн яасан олон билээ. Хогийг гадна асгаад ирвэл, Мядагмаа бас дуудаж: « Нүүрний ус асга» гэнэ.
Үл өнгөрсний хойно түлээ хөрөөдөх хэрэгтэй болов. Ганцаар ядаж байтал, баруун хамрын айлд морь усалдаг залуу хөвгүүн Чүлтэм хашааны завсраар түүнийг дуудав. Чүлтэм, Цэрмаа энэ хоёр айлын зарц болсны гавьяагаар дотно танилцаж амрагласан боловч, гэрийн эзэд, дорд хүмүүс жаргал мэддэггүй, ядуу хүнд янаг байдаггүй гэж тэр хоёрыг элэглэн наадах ба шоовдорлон загнаж, учруулдаггүй бөлгөө.
 Түүнээс санамсаргүй хаалганы тус хүн ирэхэд Мядагмаа цонхоор өөрийн ханилсан нэг залуу эрийг таниад, хурдлан гарч, түүнийг оруулан хамтаар хөтлөлцөн, инээлдэн хөхрөлдөн хойд байшингийн зүг одохын зуур Цэрмааг үзээд: « Яаж байгаа чинь энэ вэ?» гэж шоовдорлон хэлээд одох дууг Дагдангийн эхнэр сонссон даруй, гэрээ үүдийг чанга хаян гарч ирээд: <Чи яасан золиг вэ, түлээгээ хөрөөдөхгүй, яасан монди вэ.> гэж зандарна. Үүнд Цэрмаа нэг ухаан олж : <Би ганцаар хөрөөдөхөд удаан бөгөөд өөр ажил саатах тул Чүлтэмийг туслалцахыг гуйсан билээ.> гэхэд Данзангийн эхнэр аргагүй ажлаа бодож : <Тэгвэл та хоёул бушуу хөрөөдөхгүй яасан юм бэ> гээд гэрт оров. Завшаанаар Чүлтэм, Дагдангийн алтан босгыг алхан орж ирээд, Цэрмаагийн хамт түлээ хөрөөднө.
 Үдшийн наран шингэх үе болоод өдрийн сайхан агаар өөрчлөгдөж, сэвсгэр цас хэсэг хэсгээр хаялахын дунд Чүлтэм, Цэрмаа хоёр түлээ хөрөөдөх дуу хяхнан чахнах нь халуун байшингийн дотор Мядагмаа залуу эрийн хамт наадах шанзны аялгуу лугаа хутгалдахад хэдийгээр уйтгартай боловч, хүйтэнд чимчигнэсэн хуруугаа хааяа нэг амандаа хийж <Аах>гэж амьсгаадан дулаацуулж хоёр сэтгэлийн үгсийг ярилцан, зовлонгийн гүнг нэг, хоёр наадам тохуугаар хууран өнгөрүүлэх нь юутай аятай билээ. Цэрмаа, гэрийн эзэд гоё хувцас үйлдэж байгаа ба элдэв зүйлийн амтат идээ бэлтгэж байгааг тоочин, өөрийн байдлыг ярихад Чүлтэм мөн өөрийн эзэд, жороо морь зэргийг хөдөөнөөс авчруулсныг ярихын хамт хаанаас олсныг мэдэхгүй өврөөсөө нэг улцгар дурдан алчуур гаргаж өгөхөд нь Цэрмаагийн дотор Мядагмаагийн торгон дээлийг өмссөнөөс илүү сайхан санагдаж авай. Цэрмаа, Чүлтэм хоёр цагаан сар болоход ажил их болдог ба харилцан учралдахад гэрийн эзэд аашлан загнадгийн тухай хэдэн уйтгартай үгс ярилцахын зуур түлээ хөрөөдөж дуусав. Нэгэнт үдэш болсон тул, одоо гэрийн ажил хийх хэрэгтэй болов. Цэрмаа, Чүлтэмээс салан гэрт орвол бурхны өмнө унийг тултал боов өрж, тахил тахиад, тулганы баруун зүүн этгээдэд хэд хэдэн зүйлийн тавагтай идээнүүд ба ууц мах, банш буузыг хучин ёсоор тавьжээ. Эднийг үзвэл, цөм Цэрмаагийн хийсэн ба болгосон идээ мөн. Гэрийн эзэд шинэ хувцас өмсөөд, битүүлнэ гэж баяр жавхлантайгаар хөдөлцгөөнө. Цэрмаа гал тогоотой хуримлана. Цэрмээд Мядагмаа нэг хуучирсан чисчүү дээлээн авчирч өмстүгэй гэсэн боловч, Цэрмаа маргааш өмсөнө гэж саармаглан хэлж, хойш тавиад, харин Чүлтэмийн өгсөн алчуурыг гарган, хааяа нэг нүүрээ арчиж байхыг Дагдангийн эхнэр хараад: « Чи үүнийг хаанаас олов. Бодвол бэлэг дотроос хулгай хийсэн биз» гэж загнан. Үүнд Цэрмаа хулгай хийсэн гэж худал хэлэхэд хэцүү, Чүлтэм өгсөн гэж үнэнийг хэлэхэд бас зэмлэлтэй учир, дув дуугүй суун, яасан бэрхтэй билээ гэж элдвийг бодно. Энэ орой гэрийн эзэд ёслох цагаалахын хамт гаднаас зочид гийчид ирэх нь тоогүй олон. Тэдний идэх уух, инээлдэх баясалдах нь гэр хагармаар, гагцхүү Цэрмаа зуухны хажууд хөлрөн сууж, гөлрөн харж шүүрс алдана. Шөнө унтсангүй, маргаашийн цай хоолыг бэлтгэнэ. Гэрээс зугаацан одох эздийн хэрэглэх зүйлийг бэлтгэж, гаднаас ирэх гийчийг хүндлэн зочилсоор нэг өдрийг арай гэж өнгөрүүлэвч үдшийн цаг наргиан даргиан болж архи дарс, хуур хөгжим үргэлжлэхийн дотор үүний бөөлжисийг асгаж, түүний ор дэрийг зассаар бас нэг шөнө болов. Энэ мэтийн байдал залгамжлан хэдэн өдөр болоход Цэрмаа хэдийгээр ядарч зүдрэвч, гунихран суухаас өөр юун. Хааяа нэг удаа хашааны завсраар Чүлтэмтэй ярьж сэтгэлийг бяцхан хуурна. Энэ мэтээр хоёр жил өнгөрсний хойно бас нэг цагаан сар шахаж байхад ямар шалтгааныг мэдэхгүй Дагдангийнх хотод суухыг болив гэж хөдөө гарахыг бэлтгэн, Дагдангийн эхнэр Цэрмаа мөн хөдөө дагуулан аваачина гэж байхын үе нэг өдөр Чүлтэм хүрч хэлж: « Одоо чи миний хамт явж аж төр» гэсэнд Цэрмаа чухам учрыг сайнаар мэдсэнгүй боловч энэ хоёр үгийг сонсоод, даруй баярлаж жаал зугаа юмаа боож, Чүлтэмийн гэрт очив. Дагдангийн эхнэр нэг зандарч хэд хараагаад аргагүй хоцров. Чүлтэмийн гэр хэдий хар болоод цоорхой боловч, Дагдангийн зургаан ханатай цагаан гэрийн хатавчинд хэвтсэнээс түмэн хувь жаргалтай болоод, санааны дураар босож суун, хийдгээ хийж, амардаг цагтаа амран, хуучин амраг Чүлтэмийн хамт амьдран сууж байтал удалгүй цагаан сарын шинийн нэгэн болов.


Цэрмаа хотод ирснээс аваад эдүгээ хүртэл битүүний орой ийнхүү амгалангаар унтаж байсан нь ер үгүй бөлгөө. Маргааш өглөө нь эрт босож торго дурдан минж булга бус боловч өнгөтэй бүтэн хувцсаа өмсөцгөөнө.
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг зохиолч, яруу найрагч Д.Нацагдорж

ИХ ТЭНГЭРИЙН ДҮЛИЙ

Эхлэл
Халцгай Гончиг, Дүнсий Түвдэн , Сүхэндэй 3 жин тээж яваад хээр бууцгааж, тогоо шанагаа гарган, аяга саваа хангинуулж, аргал түүж ус авчиръя гэж ярилцан ийш тийш яаран явцгаав. Дүнсий Түвдэн заавал хуурай аргал олж түлэх гэж дэмий тэнэсээр хөндлөн харагдагч их зам дээр хүрч энэ замаар юу явсан юм бол гэж ажиглан үзвэл жигтэйхэн угалзтай хээтэй зүйл бүрийн хэвтэй мөрүүд гарсан байв . Түвдэн их л сонирхон энэ чухам юуны мөр болохыг бодож олсонгүй зогсож байтал гэв гэнэт түүний нүдэнд нэгэн том бөндгөр юм зам дээр хэвтэж байгаа харагдав. Дүнсий Түвдэн их л гайхаж алгуур алхсаар очоод үзвэл нэгэн хожгор шар тос байв . Дүнсий Түвдэн ихэд баярлаж яаран очиж авах гэснээ “Энэ ер нь үхсэн хүний юм байж магадгүй” гэж жаахан сэжиглэн Сүхэндэйг дуудаж , “Хүүе нааш ир . Энд сонин юм байна” гэв . Сүхэндэйг яаран хүрч ирэхэд Дүнсий Түвдэн өнөөх бондгор юмаа зааж “Энэ хожгор шар тос хэвтэж байна шүү” гэв. “Чи тэгээд яагаад авахгүй байгаа юм бэ” гэхэд Дүнсий Түвдэн “Харин би авах гэснээ жоохон сэжиглээд чамайг дуудсан юм” гэв. Сүхэндэй “Юунд нь сэжиглэсэн юм бэ” гээд нөгөө хожгор шар тосыг яаран шүүрч автал маш хөнгөн дотор нь юуч байхгүй хөнгөн сав шиг байв . Хоёулаа ихэд гайхаж хутга гаргаж доторхыг нь зүсэж үзвэл , дотроо маш зөөлөн сэвсгэр юмаар бүрэлдсэн мөөг мэт ургамлын зүйл байв. Тэгээд тэр хоёр түүний учрыг ологүй Халцгай Гончигт үзүүлэхээр авч явав . Гончиг тэр хоёрын барьсан юмыг үзээд ихэд гайхан “Та хоёр ийм удтал ямар үхсэн хатсанаа түүж явсан юм” гэж хараал тавив. Халцгай Гончиг түүнийг авч эргүүлж тойруулж үзээд яаран дээлээ бас цамцаа тайлан өнөөх юмаа ороож хойд талдаа тавив. Нөгөө хоёр түүний байдлыг хараад тэсэж ядан инээд алдахад “Ямар үхсэн хатсандаа инээгээв” гэв .
Өрнөл
                Сүхэндэй “За яршиг даа хараал тавих юу байна. Бид хоёрт учрыг нь хэлээд аль” гэв. Сүхэндэйн асуултыг сонсоод эелдэг царай гарган “ Энэ бол туйлын чухал эрдэнийн зүйл болой. Үүний нэр Их тэнгэрийн дүлий гэдэг юм. Үүнийг олж тахисан хүмүүс буяны дээд, баяны зузааныг эдэлж насан жаргаж, үр ач дэлгэрч , дээдсийн мөрийг олох заяатай”. Тэгээд өнөөх их тэнгэрийн дүлийгээ аятай сайхан боож баглаад тусгай тэмээнд ачаад хамгийн түрүүлж хөтөлж , замын турш түүний эрдэм чадлыг ярилцсаар нутагтаа ирээд Их тэнгэрийн дүлий гэгчээ хүмүүст үзүүлэхэд нэг ч хүн үл таних зүйл байлаа харин бишрэн гайхацгаав. Өнөөх Их тэнгэрийн дүлийгээ Дүнсий Түвдэнгийн гэрт хадаг тэргүүтнээр ороож бусдад үзүүлэхгүй бурханчлан тахиж удалгүй нэр алдар, цуурхал хол ойрт тархаж ойр хавын ах дүү, айл аймаг цөмөөр тахин шүтэж сүслэн бишрэх болов .
Төгсгөл
Нэгэн өдөр тэднийхэнд нийслэлээс албаны чухал үүргээр томилогдсон нэгэн төлөөлөгч ирж Сүхэндэйнд бууж гэнэ . Орой болж хоол ундаа идэх зуураа төлөөлөгч өөрийн богцноос нэгэн бөндгөр цагаан талх гарган ширээн дээр тавив . Сүхэндэйн эхнэр Дарьсүрэн дуу алдан “Та юунд ийм чухал эрдэнийг муухай ширээн дээр тавив” гэж асуув . Төлөөлөгч ихэд гайхан “Энэ эхнэр идээ ундааны зүйлийг ингэж сүсэглэн биширдэг юм болов уу” гэж бодсоноо , эхнэрт хандаж “Энэ миний хотоос гарахдаа авч гарсан миний идэж яваа талх” гэв . Дарьсүрэн ихэд сонирхож иддэг юм гэхийг онцоор тэмдэглэж “Энэ ургадаг юмуу тарьдаг юмуу” гэж асуух нь тэр . Төлөөлөгч түүнийг сонсоод ихэд инээн түүнд талх хийдэг аргыг тоочин ярьж өгөв . Дарьсүрэн учрыг мэдсэн ч сонин юм гэж дахин дахин үглээд байхаар нь төлөөлөгч аргаа барж “Та юунд энэ талхыг ийм ихээр гайхана вэ” гэлээ . “Учир нь манай урд айлын нэгэн хүн аянаар явж зам зуур Их тэнгэрийн дүлий гэгч эрдэнийн зүйлийг олж ирсэн юм . Тэрнийг бид айл хотлоороо тахин шүтдэг” гэж хариулахад , төлөөлөгч түүний хэлснийг сонсоод “Үгүй тийм бол тэр нь талх байхаас зайлахгүй дээ” гэж бодов . Тэгээд дараа өдөр нь хэдэн хүн явж Халцгай Гончигийн гэрээс Их тэнгэрийн дүлийг авчиран цэвэрхэн модон дээр зэрэгцүүлж тавиад хутга авчируулж хоёр талхыг зүсэн хэдэн хэсэг болгоод , “энэ хоёрын дотор адилхан байна уу” гэж асуувал , хүмүүс “адил байна гэхдээ нэг нь хатуу нэг нь зөөлөн байна” гэлцэв . Тэгээд төлөөлөгч “энэ бол Их тэнгэрийн дүлий биш харин бидний иддэг талх” гээд бүх хүмүүст талх хийдэг аргыг ярьж өгөв.
Тэгтэл олны дундаас нэг хүн босон харайж “Муу золигийн Халцгай Гончиг , Дүнсий Түвдэн нар Эрдэнэ гэж биднийг хуурсан байна тэднийг хуулийн газар өгч шийтгүүлэх хэрэгтэй” гэж гэнэ .

Төлөөлөгч “Байз нөхдөө , энэ үнэхээр хөнгөн бус хэрэг боловч санаатайгаар үүссэн хэрэг биш . Манай Монгол улс олон юм үзээгүй , сонсоогүй , бүдүүлэг байгаа ба дам ярианд автдагийн хар гай тул яаран сүсэглэхээ байж , түүний мөн чанарыг мэдэхийг урьтал болговол эндүүрэл ташаарлын өвчин арилж буруу замд орохгүй” гэснээр энэ үгийг бүгд зөвшөөрч , бүгдээр талхны учрыг олж ихээр инээлдэн тарцгаав. 
Улсын гавьяат алдарт уран зохиолч С.Буяннэмэх 

МАЛЫН ХӨЛИЙН ТООС

           Найман сар дундаа орж, ногооны үзүүр үл мэдэгхэн модширч, хөх номин тэнгэр газраас улам холдсон юм шиг уужимхан цэлийж, салхи сэрүүхэн үлээх болжээ.
Байгаль ертөнцийн хишиг бүрдэж малчин ар
дын гэр хотлоор идээ цагаа дэлгэрсэн энэ сайхан улирлын нэгэн сайхан өглөө.
Өмнө уулсын бэл улаан шаргал элсэн манхантай, умар уулсын бэл униартах ногоон дэнжтэй, Хангай говийг заагласан алдар цуут Борогчингийн хөндийн уужим дахь борхон гэрийн эзэгтэй гуч эргэм насны өндөр бор бүсгүй намхан зуухан дээрх тос дааварласан ширмэн тогооноос хуруу зузаан өрөм хаман авч шар модон тавагт байгаа алгын чинээ хоёр цагаан хурууд дээр ижилхэн хувааж тавилаа.
Хоймрын орон дээр хурган дээлийн дороос нэг нь сайртай бор хөлөө, нөгөө нь цээжин биеэ ил гарган унтаж байгаа балчир хоёр хүүдээ хувь тавьж байгаа нь энэ. Гэрийн эзэгтэй саалийн хувин авч гадагшаа гарахад өглөөний сааль хүлээсэн үнээ тугал мөөрөлдөн угтлаа.
Зүүн нуурын галуу нугас нарнаар наргин ганганалдаж, хөмүүл таанын тааламжит үнэрээр агаар салхи анхилж, хүн бүл сайтай саахалт айлын их бага гэр, тэрэг тэмээ, хонь мал, хүлээн авагчийнх нь хүнгэнэх дуу энэ бүхэн өөрийнх нь дорой буурайг сануулах мэт болно.
Бүсгүйн сэтгэл ийнхүү догдолсон нь сүүлийн хэдэн өдөр нэгэн учралыг хүлээснийх билээ. Найртай тансаг найман сарын эхээр баруунтайгаас хүрэлцэн ирэх тууварчдын магнайд учралт хүн нь буух ёстой байлаа.
Тэгээд ч өнгөрсөн хэдэн өдөр Борогчингийн хөндийн урд уулын ар, хойт уулын энгэрийг туж харуулдсаар байсан. Энэ удаа ч гэсэн гэрээс гарангуут мөрөөдөлт зүгийн энгэр дэнжийг ажиглатал хэдэн суурь хонь үхэр цайран багширч, тууварчдын гэр майхан ундуй сундуй үзэгдлээ. Энэ бүхнийг харангуут танхил царайт бүсгүйн хацар дээрх тарлан сэвх хүртэл туяаран шингэрч, уйтгарлаг, бодлогоширонгуй нүд нь энэ өглөөний тэнгэр мэт мишилзэн цэлмэлээ.
Тэгээд гүйхээрээ явж хэдэн үнээгээ хагас дутуу саагаад хүүхдүүдийнхээ нүүр гарыг угааж, цэвэр хувцас өмсгөөд, гэр бараагаа янзалж, идээ будаагаа зэхээд, гарах орох тоолондоо тууварчдын буусан зүг ширтэн харан байтал үдийн алдад тэндээс наашилж яваа хөтөлгөө морьтой хүн үзэгдлээ.
Бүсгүй хоёр хүүгээ гадуур тогло гэж гаргаад гэрийнхээ хаяаг сөхөж, ханын нүдээр зам ширтэж суулаа. Удсан ч үгүй ижилхэн хул морьтой, хурц ногоон өнгийн дээлээ сугалдаргалж, цагаан цамцны ханцуйг шамласан хүн гарч ирэхийг нь харвал Балбар мөн болохыг даруй таньж нэг мэдэхнээ нь л угтаж гарсан байлаа.
Балбар уяан дээр тайвуухан бууж хоёр загалаа уяад, хойш урагшаа холыг харж, хоолой засаад, ногоон саарьтай ээтэн гутлаараа нунтаг хөх шороон дээр хол хол мөр гаргасаар хүрч ирээд, - За Чанцаал, сайн сууж байна уу? гэж намрын шим шүлт хурсан хүдэр хүрэн царайндаа түвшин инээмсэглэл тодруулж, дөшин цагаан шүдээ яралзуулан урт аяны нарыг шингээж, салхийг сөрсөн хүрэн ягаан цээжээ ханхалзуулан зогслоо.
Чанцал сэтгэлийг булаасан сайхан эрийн жавхлангийн өмнө бишүүрхэх баясах хослон байгч бүсгүйн зангаар гирэвшингүй харж, "- Сайн, сайн явж байна уу? Тууврын мал үзэгдэхээр нь чамайг ирсэн байх гэж бодсон юм" гэлээ.
Хүлээсэн хүн нь хүрэлцэн ирсэн учралт өдрийн баяраар бие сэтгэл хөнгөрч, хурдан шалмаг хоол унд хийж зочлонгуут авдраасаа галуун хүзүүт гаргаж, шимийн архи аягалахад, Балбар хамрынхаа самсааг сарталзуулан хоёр завьжаараа савируулан залгилаад, гарынхаа алгаар амаа арчиж тамшаалан, - Үгүй яах вэ? Энэ жил ажил явдал урагштай хө. Өвгөн чинь аймгийн тууварчдын зөвлөлгөөнд оролцох яггүй үүрэг аваад байгаа. За тэгээд сайшаалгана гэдэг ч дээ санааных биш, зүтгэлийнх юм шив дээ. Энэ жил хэдэн муу өеөдмөр маань овоо таргалж явна. Хотынхны ходоодыг өөхөөр таглаад муу хар түрийвчээ хөдөлмөрийнхөө хөлсөөр мялаалгаад буцдаг хэрэг ээ хө. За даа тэгээд зам өлзийтэй, ажил урагштай байдаг ч тэгээд аавын хүүгийн аз шоо мөн биз дээ. Таван жил мал туухад үнэндээ гажуу буруу явсангүй. Тэгээд ч угтаж золгоод, үдэж мордуулдаг чам шиг хүнтэй байхаар дотор уужим явах юм байна шүү дээ хө" гэж шилбэлзэн суулаа.
Хэдхэн тагш архи уусанд нүүр нь хөлс дааварлан, нүд нь маналзаад ирлээ. Чанцалын өсөх насны өмсгөл болох хөх дурдан тэрлэг өндөр гоолиг биеийнх нь аясыг тодруулан , хилэн хар үснээс нь танил үнэр анхилах мэт санагдаж, урсгал хар нүднийх нь харц эр хүний элдэв авирыг хүлцэн өнгөрүүлэх шинжтэйг шунамхайран харж суусан Балбар, - Үгүй Чанцаал! Өвгөн чинь малын хөлийн тоосонд ганцаараа явсаар насыг ямар баралтай биш дээ. Гээд ханьгүй хүнд харанхуй хорвоог гэгээтэй нартай болгох хүн тэр болгон яаж дайралдах аж даа. Тийм үү дээ, Чанцаал? гэхэд нь Чанцал баахан тулгамдаж "-Тийм ээ, үгүй тэгээд тэр хүн чинь ... гэтэл - тэр хүн чинь чи шүү дээ гээд Балбар агдганан инээсээр босож ирээд Чанцалын гараас шүүрэн авч тэврэхийг завдсанд, "-Яах нь вэ, хүүхдүүд ирлээ" гээд булт үсрэн зайллаа.
Балбар тэсч ядан инээсээр ор луу нь очиж толгойгоо салаавчлан хэвтэхэд ханхар цээж нь оволзон байна. Хоёр хүү ээжийнх нь орон дээр сунайтал хэвтэж байгаа танихгүй ахаас эмээн хатавчны дэргэд бие биедээ наалдан зогслоо.
Балбар өндийж ар суганаасаа савхин түриийвчээ тэмтрэн аваад хоёр улаан аравт гаргаж, - Үгүй Чанцаал, саахалт чинь агент хэвээрээ биз дээ? Миний хоёр хүү нааш ир, май энүүгээр чихэр авч ид! гэхэд амтат энэ үгэнд урхилагдсан хоёр хүү шүлсээ залгиж алгаа тоссоор хүрч ирээд тус тусын хувийг авангуут уралдан гарч одлоо.
Балбар дахин нэг галуун хүзүүт шавхаад Чанцалыг оройн саалиндаа гарсан хойгуур нь хувцас хунараа тайчиж ор дэвсгэрийг нь тавтайяа эзэгнэжээ.
Маргааш өглөө нь Чанцалын хийж өгсөн бантанг идэж бас нэг галуун хүзүүт тонилгоод мордохдоо: - За Чанцаал, маргааш манайд Дашинчилэнгийн нэг хэдэн юм ирнэ. Үгүй яахав, газар газрынхантай гар барьж, ганзага нийлэх юу нь муу байх вэ. Тэгээд ч чи бид хоёрын холбоотойг мэддэг л юм байна билээ. Ганц хүн айл болохгүй, ганц цучил гал болохгүй, аан хэ хэ. Өө чи заавал очно шүү гэлээ.
Маргааш өглөө нь Чанцал өглөөний саалийг сааж сүүгээ тушаагаад хоёр хүүгээ ундаалж гэрээсээ бүү холдоорой гэж сайтар захиад хэдэн зуны наранд онгосон торгон дээлээ өмсөж, нэгдлийн адуунаас ноогдсон хөгшин хүрнээ эмээллэн мордлоо.
Тэгээд тууварчдын буусан зүг сажлуулжээ явахдаа шимийн архины исгэлэн үнэрээр амьсгаалсан гүжирмэг эрийн хажууд өнгөрүүлсэн энэ шөнийн явдлыг санаж, хэлсэн амласан нь үнэн болж, хүлээж мөрөөдсөн амьдрал нь маань биелбэл хаа ч явсан болно. Хоёр муу хүүгээ л хүний зэрэгтэй өсгөж, сургуульд оруулж бусдын цагаан гэр, хүлээн авагч, шинэ хувцас тэр бүхэнд атаархахааргүй, төрсөн эс боловч эцэг гэх хүнтэй, уруу дорой царайлахааргүй хийморьтой явахаар болговол хамаг хэрэг бүтэх нь тэр ээ. Намайг бодох юм бол ухаантай, чадалтай эр хүн уужим сэтгэл гаргаж, хөөрхий хоёр үрий минь зөв сайнаар хүмүүжүүлэх нь лав. Балбар хүүхдэд их элэгтэй хүн юм. Бага балчирхан амьтад юундаа дасаж ядах вэ дээ. Энэ насандаа хүний сайныг олж ханилах хувь тавилантай явсан минь сая гүйцэлдэх нь энэ биш үү" гэх зэргээр олныг бодож явлаа.
Тууврын хонь мал, суурь сууриараа багшран бэлчээрлэж, уулын энгэр дэнж дээрх тууварчдын гэр майхан энд тэнд үзэгдэнэ. Тууварчдын зүүн жигүүрт байгаа хундан цагаан гэр бол Балбарынх мөн. Дэргэд нь бараан өнгийн хоёр майхан, бодвол нөгөө Дашинчилэнгийнхний бололтой эмээлтэй морьд байна. Чанцал гэрээс зайдуухан бууж морио тушаад баахан зүрхшсээр гэрт оров.
Чанцалын орж очиход Балбар хэдүүл дөрвөн ханатын хоймрыг бүрхсэн хивс дээр ясан даалуу тачигнуулж суулаа. Балбар Чанцалын өөдөөс наалинхай нүдээр мишилзэн,
- Ээ ашгүй чи хүрээд ирэв үү. Би эднүүст нутгийн чинь хүүхнээр хонины гэдэс арчуулна гэж суулаа шүү дээ. За даа тэгээд малын тоосонд дарагдаж яваа мань мэтэд иймэрхүү өдөр ямар олон тохиолдох юм биш дээ. Алив Сугар гуай хонио төхөөрөх үү дээ гэхэд Балбартай хамт яваа тууварчин бололтой аяншиж гундсан ядрангуй царайтай нэг өвгөн гадагш гарч мөчийн дотор амжууллаа. Чанцал хонины гэдэс янзалж хажуугийн майханд тогоо дүүрэн мах чанаж авчирсанд мань хэд ханцуй шамлан уулзлаа.
- Эрүү Дамба гэж нутгийн хижээл эр хаяанаас нэг лонх хар архи авч ханцуйгаараа жийрэглэн нэг цохисонд бөглөө нь бүлт үсрэн эхний хундага Балбарт зориулагдлаа. Цохиулах ээлжээ хүлээж байгаа лонхнууд гэрийн хаяанд жирийтлээ хэвтэх ажээ.
Удсан ч үгүй хар архинд хатгуулсан даалуучингуудын үг олширч өгөө авааны тухай маргалдаж эхлэхэд Чанцал сэм гарч өвгөний майханд орлоо. Өвгөн ч бас архинаас хувь хүртсэн болохоор онгод нь бяцхан орж утаа тортог болсон нөхөөст хар майхныхаа голд давшлан,
- За хүүхээ чи наашаа суу. Би чамд санаснаа хэлье. За ер нь бэлтэй чадалтай цагаан гэртэй, чадалгүй дорой нь хар майхантай явдаг чинь ёс шүү дээ. Энүүнд бол гомдох юм алга. Аа харин малын хөлийн тоосонд дарагдлаа л гэнэ. Чухам хэн нь дарагдаж яваа бол доо. Би бол яахав улаан цурав үр хүүхдээ тэжээх л гэж хэдэн жил мал туулаа. Хаа ч гэсэн хөдөлмөр хийхгүйгээр ямар амьдрах юм биш, сурсан дадсанаа хийж аминдаа ч гэсэн, улсдаа ч гэсэн зүтгэж явахаас өөр яах вэ. Ай даа мал тууна гэдэг чинь амар ч ажил биш дээ. Хавар эрт ээ гараад л өвлийн эхээр гэрийн бараа харна шүү дээ. Ард үлдсэн хэдийнхээ төлөө санаа зовно. Өлсөх даарах өдөр ч тохиолдоно. Гэлээ ч гэсэн яахав амьдрахын төлөө ариун цагаан хөдөлмөр хийж яваагаас хойш юундаа тэгтлээ гажрах вэ.
- Гэхдээ үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг дээ. Би Балбарт би жаахан гомдох болсон доо. Танил талтай, эр чадалтайдаа эрдэж, хуурамч хуудуу явдалтай болж байгаа хүн. Уг нь хүн сайн явах тусмаа үнэнч болох ёстой сон. Гэтэл хуурмагаар олсон алдар нэр гэдэг чинь алт мөнгө шунал төрүүлдэг нь ёс оо доо. Үгүй хүүхээ Балбарыг чи яадаг болсон гэж санана. Өөрийнх нь ажил бүтэж байвал бусдынх яаж ч байсан хамаагүй. Ноднин адилхан л мал тууж гарсан. Намар хамгийн түрүүнд тушаалаа. Тэгсэн чинь хамгийн туранхай мал тууж гараад хамгийн их таргалуулсан хүн Балбар боллоо.
- Өвгөн ах чинь атаа жөтөө санаж, тэгж амьтны мууг үзэж яваагүй. Тэгэхнээ хээл хахууль авч улсын санг ч хохироодог, мань мэтийг ч хохироодог явдал байна. Балбар яахав дээ идэшний ганц хоёр юм илүүчилж аваачаад л тэндэхийн дарга даамалтай сүлбэлдэн дархан эрх эдэлж худал хуурмаг баримт, шагнал мөнгө аваад тэргүүний сайн хүн болж мандаж явдаг нь тэр байхгүй юу. Үгүй одоо сүүлдээ бүр улсын малыг хүртэл хольж хаяагаа хадардаг болж явна. Юу гэсэн үг байх вэ дээ. Ноднин зах дээр тав зургаан шар зарсан. Энэ жил бүр арав хорь хүргэх бололтой. Ээ яахав төрийн төлөө оготно гэж бодох юм бол ч эс мэдэгчин болоод явмаар л байна. Үгүй чи нэг жаахан бодолтой байх юм биш үү гэхээр чамд падгүй гэж уурлах юм. Уг нь би бол төрсөн эцгээс нь өөрцгүй хүн шүү дээ. За, үгүй хүүхээ чи чинь Балбарын танил юм биз дээ. Өнгөрсөн намар цаадах чинь хотоос нэг хүүхэн аваачсан. Их л эрх танхи л амьтан байдаг юм байна билээ гэж ярихад өвгөний энэ яриаг дуугүй чагнаж суусан Чанцал босон харайж: -"-Юу гэнэ ээ, Балбар чинь тэгээд эхнэртэй юм уу? гэж гайхаш тасран асуугаад өвгөнийг хариу хэлэхээс өмнө гүйн гарлаа.

Даалуучингуудын нэг нь "Гозгор долоо гоохолзож, говийн хүүхэн шоохолзоно оо хө." гэж өндөр дуугаар дуудахад Балбар "Хун галуу нагал навчит, хурын үүл хурмастын хишиг, ясны хайртай Янжин, янагийн хайртай Чанцал, Татлаа, татуулах уу" гэж адтай хашгирлаа. Тэгтэл нөгөө нэг нь "Хэ хэ, хэ Нутагт байдаг Янжин, замд байдаг Чанцал гээч" гэж согтуурахад нөгөөдүүл нь бүдүүн нарийн дуугаар хөхрөлдлөө. Чанцал бөөн хар юманд бөглөрөн давчидсан цээжээ дарж, шүүрс алдаад гэрээс холдон явлаа. Нар шингэж, цагаан гэгээ туссан үе байлаа.
Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч С.Эрдэнэ


ХАЧИН ХУРИМ

Салхи сүнгэнэхээс өөр чимээгүй өргөн тал нутагт хадлангийн станц байгуулагдаж, моторын дуу хүнгэнэх боллоо. Энэ станцын төвд цагаан байшингууд, хэдэн арваад гэр, том гарааш баригдаж олон машин трактор байдаг боллоо.
Нэг үдэш олон гэрийн баруун захын том гэрт их хөл үймээнтэй байна. Механикч Санжилынх хурим хийж ганц охиноо гэрлүүлж байгаа юм байжээ. Гэрийн хоймроос голомт хүртэл намхан урт ширээ засаж дээгүүр нь тарган хонины бүхэл мах, чанасан бууз банш, хэвийн боош чихэр, хувинтай айраг тараг, тавагтай өрөм зэргийг тавижээ. Ширээг тойрон олон хүн сууж байна.
Ширээний хойд голд хүрэн торгон дээлтэй, туранхай бор хүүхэн намхан ханзан дээр сандайлан сууж байна. Энэ бол Санжилын ганц охин Олзвой юм байна. Олзвой дунд сургууль төгссөний дараа багшийн түр курс хийж ирээд эндхийн бага сургуулийн багш болжээ. Түүнйи дэргэд гоёмсог костюм өмссөн хүрэн царайтай, гозгор залуу сууж байна. Энэ бол хүргэн хүү Яндаг байна. Яндаг цэргийн албанаас халагдаж ирээд энэ станцын жолоооч болжээ. Сая гэрлэж байгаа энэ хоёр залуу, олон хүний ширтэн бай болж энд цомбойн суухын оронд гадаа гэрийн ард буюу байшингийн хажууд хоёулхнаа зогсож байгаасан бол хэчнээн их жаргалтай байх билээ.
Энэ хоёр залуу танилцсаар хэдхэн сар болж байна. Хавар төл бойжуулахаар нэгдэл дээр хамт ажиллаж танилцаад зун хадлан дээр хэд хоног ажиллаж бүр сайн танилцаад одоо гэрлэж байгаа юм байна.
Ширээний баруун эгнээний эхэнд өргөн цээжтэй тавиад насны механикч Санжил ажээ. Санжил эхнэргүй хэдийн гоонь болж ганц охин Олзвойтойгоо хоёулхнаа олон жил амьдарсаар иржээ. Ширээний зүүн эгнээний эхэнд нэлээн ядарсан байдалтай туранхай буурал эмгэн сууж байна. Энэ бол Яндагийн эх Должин ажээ. Хүүгээ гэрлэх гэж байна гэж дуулаад говийн нэг сумнаас арваад өртөө замыг туулж өнөө өглөө ирсэн юм байна. Должин гуайн дэргэд дунд мяраалаг биетэй тэргүүнйи жолооч Тогоо сууж байна. Түүнээш доош бага сургуулийн захирал, багш нар дарааллан суужээ. Санжилын дараа станцын намын үүрийн нарийн бичгийн дарга Гэлэн, бусад жолооч, механикч нар дараалан суужээ. Хэдэн авгай, хоол ундыг бэлтгэх засацгаах ажлыг хийж байна.
Цугларсан хүмүүс өрхийн тэргүүлэгч Санжилыг үг хэлж хуримаа эхлэхийг хүлээж хоорондоо шивэр авир ярилцаж байна. Намын үүрийн нарийн бичгийн дарга Гэндэн, Санжилын тохойноос татаж:
- За үгээ хэлж хуримаа эхлэх юм биш үү? гэсэнд Санжил Должинд хандаж
- Нас ахтайгаараа Должин гуай эхэлж үг хэлнэ байгаа гэсэнд Должин нэлээд самгардсан байдалтайгаар
- Би хөдөөний малчин хөгшин, юу хэлэх юм билээ дээ? Ганц хүүгээ ханьтай болсонд их баярлаж байна. Сайн сайхан бэртэй болсондоо би баярлаж байна. Энэ хоёр хүүхдийгээ их аз жаргалтай гэж хүсэж ерөөж байна. Өөр юу хэлэх вэ? гэсэнд Санжил эмгэний үгийг дэмжиж:
- За Должин гуай бид бүгдийн санал хүслийг илэрхийлж хэлэв. Би нүдний цэцгий мэт хайртай ганц охиноо ханьтай болсонд баярлаж байна. Сайн хүргэнтэй болсондоо баярлаж байна. Хөгшин ээж, аав хоёр чинь та хоёртоо их аз жаргалтай сайн амьдарч явахыг ерөөж байна гээд сүүтэй мөнгөн аягыг хөх вандан хадаг дээр тавиж хоёр залууд өгөв. Хоёр залуу аяга хадгийг тавин аваад сүүг ээлжлэн амсаад ширээн дээр тавив. Должин гуай:
- Би хайрт бэрдээ энэ бөлзгөө дурсгаж бэлэглэе гээд гараасаа нарийхан алтан бөлзгийг сугалан авч өглөө.
Олзвой, Яндаг хоёрын аз жаргалын төлөө бүгдээр хундагатай архиа ууцгаав. Дараа нь эх Должин, эцэг Санжил нарын эрүүл мэндийн төлөө ууцгаав. Олон хүн дарааллаж үг хэлж гэрлэж байгаа хоёр залууд ноосон цамц, дээлийн торго, толь, үзэг зэрэг бэлгийг өгч байна.
Тэгээд хэн чаддаг дуу дуулж, хэн чаддаг нь хуур хуурдаж, бас зарим нь ерөөл хэлж байна. Хоёр залуу баахан бишүүрхэн сууж байснаа босож олныг үйлчлэх ажилд оролцож өөрсдөө дуу дуулж наргианд орж эхлэв. Яндаг аятайхан хэдэн дуу дуулав. Баяртай хурим хөгжилтэй өрнөж байна.
Энэ хурим дээр цугласан хүмүүсйин сэтгэлийг баясгах хэдэн чухал шалтгаан байлаа. Тус хадлагийн станц энэ жил төлөвлөгөөт ажлаа зуу гаруй хувиар биелүүлж аймагтаа түүрүүлж мөнгөн шагнал авсан байна. Түүгээр ч барахгүй, тус станцын тэргүүн хоёр хүнийг Зөвлөлт улсад жуулчнаар явуулах болжээ. Тэр хоёр хүний нэрэнд Санжил, Тогоо нарын нэр дэвшигдээд тэр хоёр удахгүй мордох гэж бэлтгэж байна.
Хөгжил цэнгэлтэй олны дунд ганцхан Должин гуай жаахан санааширсан байдалтай айраг амсаад дув дуугүй сууж байлаа. Yүнийг авгай нар ажиж мэдээд:
- Должин гуай нэг юм ярихгуй юу? гэж гуйцгаах болов.
- Би юу ярих вэ? Хүүхэд минь. Би бүх насаараа аргал хоргол түүж явсан хүн. Түүнйиг ярихгуй бол өөр юугаа ярих вэ? гэв. Гэтэл Тогоогийн эхнэр Дэжидмаа:
- Та аргал хоргол түүснээ ярьсан ч бидэнд сонин болно. Должин гуай бол бидний дотроос хамгийн ахмад настай, хамгийн их ажлын туршлагатай хүн. Тэгээд ч хол газраас ирсэн, бидний хүндэт хүн байна. Би Должин гуайн эрүүл мэндийн төлөө нэг хундага өргөе гэж нэг хундага дэвшүүлж уугаад:
- Должин гуайн аж амьдралаас сонсохыг хүсэж байна гэж хэлээд суув. Должин гуай учраа олохгүй эргэлзэж байхад хүү нь:
- Ээж та юм ярь л даа. Өөрийнхөө хийж явсан ажлаас ч хамаагүй. Эд нар чинь цөм бидний дотны нөхөд шүү дээ гэсэнд Должин гуай урам орж:
- За гээд юм ярих болов. Чимээ гаргаж шуугих гэсэн зарим хүнийг дэргэдэх нөхөд нь зөөлхөн дугтарч дуугай болгов. Должин гуай ийш тийш хараад үгээ эхлэв:
- За дүү нар минь би ганц үртэй хүн дээ. Тэр минь энэ Яндаг байна. Хүүгийн минь эцэг аль хэдийн нас өнгөрсөн юм. Би ганц хүүгээ харж явдаг хүн. Энэ маань одоо ажилтай боллоо, ханьтай боллоо. Их сайхан ханьтай болсонд би их баярлаж байна гээд эмгэн жаахан түгдрэв.
- Би ганц үртэй ч уг нь хоёр үртэй юмсан. Яндагийн нэг дүү байсан. Түүнийгээ амьд үхснийг бид мэдэхгүй болсон. За ийм юмыг ч өнөөдөр яриад яах вэ? гээд дуугай болов. Тэгэхэд Дэжидмаа эхнэр:
- Должин гуай, зүгээр, та ярь. Өнөөдөр жаргал зовлонгоо ярихгүй юм бол хэдийн ярих вэ? гэхэд нэг авгай:
- Тийээ тийм. Чааваас хөөрхий, хүүхэд нь сургууль юм уу албанд яваад гэртэй захидал бичдэггүй юм байхдаа. Одоогийн зарим залуус гэр орноо мартаад таг чиг болчихдог юм шүү дээ гэв. Должин хэлэв:
- Сургуульд яваагүй, тэр маань зүгээр л алга болсон юм гээд санаа алдахад сонсогчид гайхаж бие биеэ харцгаав. Должин гуай үгээ үргэлжлүүлэн:
- За нэгэнтээ эхэлснээс хойш бүр ярьчихя даа. Энэ бол их олон жилийн урьд болсон хэрэг юм. Тэр үед хүүгийн маань эцэг амьд байсан. Манай хүү Яндаг найман настай байсан. Нөгөө дүү нь хоёр настай байсан. Яндаг дүүгээ дагуулаад тугал буцаах гэж явсан юм.
Тугалнууд нь бэлчсэн үхрийн хойноос гүйгээд гүйцэхгүй болохоор нь дүүгээ шаваастай аргалын сүүдэрт суулгаж орхиод тугалынхаа хойноос явж тугалаа туугаад эргээд ирэхэд дүү нь алга болчихсон. Тэгээд би түүнйиг эрээд олоогүй. Тэнд нэг алаг морьтой хүн явж байгаад хөлстэй алаг морио алж аргалаар булж орхиод шаваастай аргалын дэргэд чөдөртэй байсан манай хашин хээр морийг бариж унаад явсан юм.
Тэр хүн миний хүүхдийг аваад явсан явсан юм гэхэд нэг жолооч:
- Эмээ минь алга болсон хүүгийнхээ тухай сүүлд ярь л даа. Одоо энэ хүүгийнхээ тухай ярьвал дээр биш үү? гэхэд Гэндэн:
- Хүний яриаг хориглох хэрэггүй. Эмээ минь ярь, ярь гэв. Должин гуай:
- Тэгээд нэг их ярих юм ч алга. Сүүлд нь аймгийн төвөөс цагдаа, цэргийн хүн морьтой давхилдаж баригдсан хулгайчийг алдлаа гэж эрж явсан. Тэр алаг морьтой хүн бол оргосон хулгайч Жалсан гэдэг байжээ. Хоёр цагдаа тэр Жалсанг гүйцээд очиход тэр хээр морио унаад нэг гартаа нялх хүүхэд тэврээд нөгөө гараараа нүүрээ таглаж нулимсаа арчин уйлж явсан гэдэг. Тэгээд “Би эхнэрээ үхүүлээд ганц өнчин хүүхэдтэй үлдэж ядарч яваа хүн” гэж нулимсаа гоожуулахад цагдаа нар хулгайчийг танилгуй цаашаа давхиад явчсан юм гэнэ билээ. Тэр хулгайч биеэ далдлах гэж манай хүүхдийг хулгайлан авчээ. Тэр хулгайч тэгээд манай хүүхдийг арай үгүй хийчээгүй хөдөө хаячаагүй, замдаа нэг айлд орхисон байгаа гэж санах юм. Унаж явсан морио алаад хаяж байгаа хүн чинь хүний нялх хүүхдийг хайрлах ч гэж байхгүй л дээ. Тэгсэн тэр хулгайчийн явсан замын айлуудаар явж сураглавал олдох магадгүй гэж бодох юм. Тэр үед манай хүүхдийн эцэг өвчтэй байгаад сайн эрж чадаагүй юм. Тэгээд тэр маань талийгаач болоод бид сайн эрж чадаагүй гэж санаа алдаад бас хэлэв:

- Миний хүү Яндаг одоо том боллоо. Ажил албаны хүн боллоо. Яагаад ч гэсэн төрсөн дүүгээ хэрэв амьд байгаа бол олж авч чадах байх гэж найддаг даа. Би настай болсон боловч нэгдэлдээ хэдэн үнээ сааж ажилд нь нэмэр болох санаатай явдаг. Манай нэгдэл намайг сайн харж хандаж байдаг. Одоо би гэрээ айлын гадаа барьж орхиод ирсэн. Амины хэд гурван мал бий. За, одоо ярих юмгүй байна даа гээд нулимсаа арчив. Тэгэхэд бүгдээр:
-Должин гуайн эрүүл мэндийн төлөө нэг хундага суллацгаав.
Тогоо жолооч Должин гуайг тайтгаруулж хэлэв:
- Уг нь алдсан хүн байтугай алдсан ишгийг ч олоод авдаг цаг шүү дээ. Сонинд зарлаж байгаад цагдан сэргийлэх шүүхэд мэдүүлж байгаад эрэхэд болох л юм. Баахан дэндүү удчихсан байна даа гэв.
- Ээ дээ, горидлогогүй болсон байхаа гэж нэг хүн хэлэв. Тэгээд тэр найр хурим үргэлжилэв... Дуу дуулж архи ууцгааж байв.
Ингээд наргиж байтал гаднаас нэг хүүхэд сандран гүйж орж ирээд:
- Санжил гуай морины шонгийн дэргэд ухаангүй хэвтэж байна гэв. Хүмүүс гүйж гараад Санжилыг өргөж гэрт оруулав. Санжилын нүд нь бүрэлзэж байхыг үзвэл ухаантай бололтой. Царай нь үнс шиг барайж нулимс цусаар бүрхэгдэж галзуурсан юм шиг болжээ. Тэгээд Санжил салагнаж амисгаадан багтарч ойчих шахаж байна. Санжил арайхийн ам нээж:
-Дотор муухай байна гэв.
- Хортой архи уучихсан байх. Бөөлжвөл зүгээр юмсан гэж нэг эхнэр хэлэв. Санжил урт амьсгаа аваад хүйтэн цай хэд балгаад зангирсан хоолойгоор хэлэв:
- За би Улаанбаатарт очиж биеэ эмнүүлэхгүй болохгүй боллоо. Маргааш Олвойтойгоо явна. Яндаг та хоёрын гэрлэх тухайг хотоос ирж байж шийдье гэхэд,
- Хурим хийж эхлээд болиж яаж болдог юм бэ! гэж нэг хүн Санжилын чихэнд шивнэв. Яндаг шийдвэртэйгээр,
- Аа, тэгвэл Олзвой бид хоёр таныг хот аваад явна, эмнүүлнэ гэхэд Санжил Яндагын царайг гөлийн ширтэв.
-Санжил гуай чи нь ухаангүй байна шүү дээ гэж нэг эхнэр хэлэв.
Санжил хундагатай архийг уучихаад,
- За охин мини, Олзвой минь! Намайг түшээрэй гээд Олзвойгоо түшээд гарав. Хоёул гэрийн гаднах морь уядаг шонг түшиж зогсоод ярилцаж байх шиг болов. Гэнэт Олзвой дуу алдаж хашхирав. Гэрийн гадна тэр хоёрыг ажиглан зогсож байсан Яндаг гүйн очвол Олзвой хэдийн ухаан алдсан хэвтэж байна. Дэргэд нь Санжил хагас ухаантай салганаж байна. Олзвойг гэрт нь оруулаад орон дээр хэвтүүлэв. Санжилыг орон дээр хэвтүүлэх гэтэл тэр ноцолдож босов.
- Хортой архи уучихав уу? Эмч авчиря гээд цугларсан хүмүүс сандралдав. Нэг хүн эмч авчрах гэж явав. Зарим хүмүүс гэдэс цээжий нь барилан илж байна.
- Хортой юм уучихсан бол халуун сүү хэрэгтэй гэхэд эхнэрүүд сүү яаралтай халаав. Аягатай сүүг Санжилд өгсөнд тэр сүүг уулгүй түлхээд зүрхээ жаахан даран намжааж түр амсхийгээд хэлэв:
- За нөхөд минь. Та нар цөм сайн санаатай сайхан нөхөд байна. Та нарын дунд нэг хүн дүрстэй араатан чоно байна. Тэр бол би шүү гэхэд бүгдээр гайхаж,
- Санжил гуай согтчихжээ, согтчихжээ. Yгүй хорджээ, ухаангүй байна гэцгээв.
Зарим нь гараас нь татаж ор тийш аваачих гэв. Тэгэхэд Санжил гараа суга татаж аваад:
- Би согтоо ч үгүй, хордоо ч үгүй. Би өөдгүй амьтан шүү. Би анх гуйланч байгаад сүүлд хулгайч болсон юм.
Залуудаа би их хулгай хийж, худал хэлж явсан. Тэр муухай хэргээ олон жил ард олноосоо нууж дарсан юм даа. Одоо ч нуугаад дараад байхад та нар миний хэргийг мэдэж олохгүй ч байхаа. Гэвч би хийсэн бузар булай хэргээ өнөөдөр сайн нөхөд та нартаа хэлье гэж шийдлээ. Би урьд Дандар бичээчийн хурдан хээр морь түрүүтэй хориод адууг хулгай хийж дамжуулан зараад тэр хэрэгтэй баригдаж аймгийн шоронд сууж байгаад оргож гарсан юм. Тэгээд баригдах шахахдаа унаж явсан алаг морио эцэж зогсохлоор алж хаяад хээр морийг шаваастай аргалын дэргэд уйлж байсан нялх хүүхдийг хулгайлж аваад зугтаасан ийм өөдгүй хар хулгайч даа гэхэд Должин гуай аягатай айргаа алдчихав. Санжил цааш нь ярьж байна:
- Тэр миний хулгайлж авсан охин энэ Олзвой шүү дээ. Би хэргээ нууя гэхэд одоо төрсөн ах дүү хоёрыг гэрлүүлэхэд даанч сэтгэл тэвдэхгүй байна. Энэ хоёрын амьдралч аз жаргалгүй болно. Тэгэхлээр би хайрт охин Олзвойнхоо төлөө өөрийнхөө бузар булай хэргийг илчилж байна. За, Яндаг минь чи энэ Олзвойтой сууж болохгүй. Та хоёр төрсөн ах дүү хоёр байна шүү гэхэд олны царай барсхийж хөлдсөн юм шиг болоод нэг ч хүн үг хэлэхгүй байв. Ганцхан Яндаг:
- Энэ хар хулгайчийг одоо ална гэж хутга шүүрээд босох гэв. Тэгэхэд Тогоо жолооч:
-Чи байз! Учрыг сайн олъё гээд Яндагийн гарыг бариж:
- Машины замд бартаа их байдаг шиг хүний амидралын замд бас бартаа их байдаг юм шүү гэв.
Должин гөлийн сууж байснаа гэнэт босон харайж ухаангүй хэвтэж байгаа Олзвойн толгойг тэврээд авав. Цугларсан хүмүүсйин зарим нь Санжилыг элдвээр харааж, зарим нь түүнийг өмгөөлж маргаан яриа дэгдэв. Санжил тэдний дууг намжааж үгээ үргэлжлүүлэв.
- Намайг үгүй хийнэ гэж Яндаг хэлж байна. Тэр тун зөв. Гэвч би та нарт яршиг болохгүй, өөрийгөө өөрөө үгүй хийнэ гээд нэг хундага архи уугаад:
- Энд эх охин хоёр уулзлаа. Ах, дүү хоёр уулзлаа. Та нар азтай улс байна. Жаргалтай сайхан явцгаагаарай. Миний тухайд бол миний хэрэг дууслаа. Над одоо үхэхээс өөр зам байхгүй. Алтан ордон дотор ялзарсан хамуутай нохой байлгахгүй шүү дээ. Тэрчлэн энэ жаргалтай сайхан амидралаас намайг хөөж зайлуул. Би та нарын энгэрт чинь өргөс, элгэнд чинь бэтэг болж явах хэрэггүй. Би өөрийгөө өөрөө тонилгоно гээд хутга шүүрч авахад хутгыг Тогоо булааж авав.
Санжил хутгагүй гүйгээд гарав. Хойноос нь хэдэн жолооч гүйж гарсан боловч Санжилыг бариж чадсангүй алдав. Санжил ганцаараа үхэх газраа эрж гүйв. Замд төмөр утасны багана дайралдав. Тэнд үхэхийн төлөө баганыг хар хүчээр дайрч мөргөөд ухаан алдав. Гэвч Санжил ухаан ороод:
- Би амид явах эрхгүй гэж бас хашхирч хутга шөвөг тэмтрэв. Тэгэхэд жолооч нар түүнйиг элдвээр тайвшруулахыг оролдож байв.
Намын үүрийн нарийн бичгийн дарга Гэндэн түүний сэтгэлийг засаж хэлэв:
- Санжид минь, чи амьд явах эрхтэй. Чи урьд хүн биш чоно байжээ. Гэвч түүнээс хойш олон жил өнгөрчээ. Энэ завсар чи чоно биш, хүн болсон байна. Ёстой хүний эрхэм хүн, сайн санаатай тэргүүнйи ажилчин болжээ. Ийм учраас бид Санжилыг өршөөж үзэх хэрэгтэй. Энэ зөв үү? гэсэнд олон хүн:
-Зөв, зөв гэж хашхиралдав.
- Ээ дээ мэдэхгүй. Чоныг хонь болсныг би ер үзээгүй дээ гэж Яндаг жолооч хэлэв. Тэгэхэд Гэндэн үгээ үргэлжлүүлж:
- Тэр ч тийм. Гэвч муу хүн сайн болж болохгүй гэж үү? Муу явдлаа хаяад олон жил шударга төвшин яваа хүнийг бид муу хүн гэж үзэх ёстой гэж үү? Тэгэх ёсгүй. Хүний муу чанарыг арилгаж сайн чанарыг хөгжүүлэх бол бидний зорилго мөн гэхэд олон хүн:
-Тийм ээ, тийм гэж зөвшөөрөв.
- Бид Санжилыг Зөвлөлт Холбоот Улсад явуулах гэсэн шийдвэрээ өөрчлөхгүй. Чамайг явуулна гэж Гэндэн хэлэхэд Санжил толгой сэгсэрч:
- Би чинь ялт муу нохой шүү дээ. Шилдэг сайн хүнээ Зөвлөлт улсад явуулах хэрэгтэй. Би муу охин Олзвойгоо эцэг эхээс нь төөрүүлсэн амьтан шүү. Би энэ охиныг бөөцийлж тэжээх болоод энэ охины ачаар хулгайгаас хөндийрч, сайн нөхдийн ачаар хөдөлмөрийн замд орсон юм гээд дөнгөж сэргэж ирсэн Олзвойн толгойг үнсэв. Тэгэхлээр Олзвой:
- Хайрт аав минь! Та битгий санаагаа зов. Ачит аав минь гээд магнай дээр нь үнсэв. Санжил Олзвойн гарыг тэврээд уйлав. Тогоо жолооч хэлэв:
- Санжил гуайг бид уридын адил сайн нөхрөө гэж үзнэ. Санжил гуай хэрвээ нэрээ цэвэр авч гаръя гээд дуугай өнгөрсөн бол энэ хэргийг хэн ч мэдэхгүй байсан. Санжил гуай сайн санааны үүднээс өөрийн өнгөрсөн муу хэргийг нуулгүй илчилж байна. Энэ бол хүний бас нэг сайн чанар юм гэв. Бас нэг жолооч хэлэв:
- Санжил хэрвээ нэрээ цэвэр авч гаря гэсэн бол хулгайчийн хаясан хүүхдийг олж авч өсгөсөн гэж ч хэлж болох байсан. Тэгээгүй үнэнээ шууд шударга ярисныг бас сайшаах хэрэгтэй гэхэд Санжил:
- Муу муухай явдлаа сайхан үгээр хучиж нууж явах гэдэг мөн ч хэцүү байдаг юм, дүү нар минь. Би тэгж явж цаашдаа чадахгүй болсон юм. Yүнийг та нар ойлгооч! гэв. Гэндэн хундага бариж хэлэв:
- За нөхөд минь! Найраа үргэлжлүүлье. Энэ хуримаа найр болгоё. Ямар найр вэ гэхэд нөхөр Санжилын сайн хүн болсныг тэмдэглэх найр болгоё, нэгд бол. Хоёрт бол, эх охин хоёрын уулзсаны баяр болгоё. Гуравт бол ах дүү хоёрын уулзсаны баярын найр болгоё. Энэ их баярын төлөө ууцгаая гэхэд бүгд ууцгааж.
-Хачин хурим маань сайхан найр боллоо шүү гэж шуугилдав. 
Эмгэн Должин охин Олзвойг өрөөсөн гараар тэврээд нөгөө гараар Санжилын гарыг бариж:
- Миний охиныг сайн сайхан өсгөж хүмүүжүүлсэнд чинь баярлаж байна гэв. Олны сэтгэлийн долгион намдаж хүн бүр суудлаа эзлэн найраа үргэлжлүүлэв.
Монгол Улсын төрийн шагналт 
Монгол Улсын ардын уран зохиолч 
Цэндийн Дамдинсүрэн