Эргэн тойрон би харанхуй. Бид хоёрын асаасан бяцхан тvvдгийн дөл vе
vе цорвосхийн тэр их харанхуйг тvлхэн хөөж хааш хаашаа арваад алхам хэртэй
ухарснаа дөл намжихад өнөөх харанхуй хэдхэн алхамд тулан ирэх бөлгөө. Тушиж
холбосон 3 морь минь гэрэлд нэгэнтээ тодрон харагдсанаа төдхөн харанхуйд
залгигдах мэт vзэгдэхгvй болно.
Өвөн Зэмбээ хааяа нэг шаваг, тэсэгний хожуу гал руугаа чулуудан мах
шарж суув. Тvvний армаг тармаг сахалтай vрчлээт нvvр, галын гэрэл ихсэхэд тэнэс
хийх шиг болон хvрэн туяа татсанаа, дөл буурахад дахиад л vрчлээ болгоноор нь
харанхуй орогнох шиг харлан баргар сvртэй болох ажээ.
Би тvvдгийн нөгөө талд тохмоо дэвсэж хажуулдан хэвтээд өвгөний vе
vе хувирах царайг ажиглан "тvvдгийн дэргэд" гэдэг зураг зурахсан гэж
бодож байлаа. Зэмбээ гуай бууны сvмбэний vзvvрт хатган шарж болгосон махаа
мойног бvдvvн хуруугаараа чимхэн мулталж хавтгай чулуун дээр тавин тос шvvс
болсон эрхий долоовроо долоогоод дахин нэгийг хатган шарж суув. Намар эртний
шөнө дулаахан. Гандаж байгаа агь, таанын vнэр хурц анхилам, шөнийн намхан
тэнгэрт тvм буман одод яралзаж "эр хvний жаргал эзгvй хээр" гэсэн vг
сэтгэлд орж ирнэ. Хааяа нэг хээрийн шувууны бvдэгхэн дуу, морьдын тургих, шарж
байгаа махны сажигнахаас өөр чимээгvй. Бид хоёр ч эзгvй хээр хэд хоногийн ярих
юмаа дуусгасан улсын ёсоор дуугаралгvй, өвгөн махаа шарж, би бодолдоо автан
хэвтсэн юм. Говийн хужир тойром загийн шугуй, хялганат тал бутат хөндий, хадат
ааргаар бид хоёр гурав хоног тэнэв. Би хэмээх нэгэн бол Уран зургийн дээд
сургуулийн ангийн оюутан "Их говийн vзэсгэлэн" гэдэг байгалийн цуврал
зураг зурж диплом хамгаалах санаатай энэ нутагт ирж ил цагаан сэтгэлтэй, элдэв
сониуч зангvй Зэмбээ гэдэг өвгөнийг дагуулан гарсан юм. Өдөрт хэд хэдэн
судалбар, таталбар хийдэг байв. Өвгөн миний зурахыг эхэндээ их л сонирхон
хардаг байсан бол сvvлдээ нэг их тоохоо болив. Өчигдөр нэг тойрмын захад хэдэн
алдуул тэмээ зогсож байгааг зурж суутал миний зурсныг байж байгаатай нь ээлжлэн
харж харж,
-Хvv минь чи жижигхэн цонхоор нь нэг шагайж vзээд л товч дарахад
алив юм байгаа л янзаараа өнгө зvстэйгээ хvртэл гараад ирдэг нэг авраадтай
(аппарат) болооч. Тэгвэл ингэж зогсохгvйсэн дээ. Тийм авраадийг би шинжилгээнийхэнд
газарчилж яваад vзсэн юм. Миний зургийг хvртэл татаж өгсөн гэж билээ.
-Миний зураг тэр аппаратны зурагнаас дутуу байна уу гэж тоглоом
болгон асуусанд
Өвгөн сахлаа илэн нvдээ онийлгон намайг харж байгаад
-Чи сайн л зурах юм. Гэхдээ удаан. Бас зураг чинь цаад юмтайгаа нэг
их адилхан болохгvй байна шvv дээ гэж чин vнэнээсээ хэлэв. Юмыг яг л байгаагаар
нь vзэж, vнэлж сурсан өвгөнд би гэрэл зураг, уран зургийн ялгааг ойлгуулах гэж
махран оролдсон боловч амжилт олсонгvй. Өвгөн өөрийнхөөрөө зvтгэж:
-Байгаа юм байгаагаараа л дээр. Жишээ нь энэ тойрмыг vгvй
болгочихвол Бор тойрмын булан гэдэг нэр бас л vгvй болно биз дээ гэсэн билээ.
Зэмбээ гуай махаа шарж дуусаад
-За хөө идээд бай. Би ч vнэрт нь цадчих шиг болов байна гэж эрхий
долоовор хёроо долоогоод, тvрvvн буцалгасан хар саахуутай цайгаа ойртуулан
модон тагшаа гаргалаа. Би шарсан мах амтархан зажилж, халуун хар цай балгаж
суутал аа-а-а уу-у-у гэсэн нэгэн уянгалсан зэвvvн дуу сонсогдов.
Өвгөнийг ажвал чулуун дээр тавьсан мах огтолж байсан чигээрээ хөдөлгөөнгvй
болоод гэлжийн чагнаж байна. Дахиад л аа-а-а уу-у-у гэнэ.
-Чоно уу даа гэсэнд өвгөн гэнэт амилах мэт хөдлөн, огтолсон махаа
ам руугаа хийгээд шар шар зажлангуутаа
-Нг... тийм байна гэж хvнгэнэв. Морьд маань тургилан, говийн хайрга
чулуу шажигнуулах нь мөн л уянгалсан зэвvvн авиаг сонсон сэрэмжилж байгаа ажээ.
Өвгөн галын дөл ширтэн, чонын улианыг чагнан байснаа
-Доригийн сvнс... гэж шивнэлээ.
-Юy... юу гэнээ гэж сонирхон асуувал "би юу хэлчихэв ээ"
гэсэн мэт над руу гайхан харснаа
-Аан... дэмий юм гээд царайгаа барайлгав.
Зэмбээ гуайн амнаас санаандгvй унасан хоёр vг миний дотрыг маажиж
гарлаа.
-Энэ хойд хадат ааргийг дээр vед Шээзгий толгод гэдэг байсан юм.
Нээрээ ч холоос харахад чандманилан хөмөрсөн гурван шээзгий шиг харагддаг юм л
даа. Доригийн толгод нэртэй болоод удлаа. Жижиг мөртлөө хад чулуу ихтэй.
Орчихсон ямаа олддоггvй байсан газар... дундаа нэргvй жаахан задгай устай
байлаа. Одоо ч чонын шанд гэдэг болоо шив. Айл малгvй болоод удаж байгаа юм аа.
Ээ дээ янзын хад чулуутай газар даа. Хvн ороод нуугдчихсан ч олдохгvй л байх.
Манай нутагт хэдэн чонотой газар энэ л байгаа юм. Говь тал руу хоолонд гарсныг
амьтан намначихаад байдаг боловч энд байгааг нь яаж ч ээрээд олддоггvй золиг
гээд дуугаа хурааж, аягаа хар цайны шавхруугаар зайлан цацаад хавтгай чулуун
дээрээ хөмрөв. Тэгээд тамхиа асаан, тохмон дээрээ тэнгэр ширтэн хэвтлээ. Би
өвгөн рvv дөхөн сууж галдаа тэсэгний хэдэн хожуул чулуудаад
-Яагаад Доригийн гэх болсон юм бол гэж асуув.
-Тэр vv, тэр ч бас явдалтай. Урьдаар ороо заснаа хөө...
Бид 2 галаа дахин сэргээж, морьдынхоо холбоо, тушааг шалган vзээд
аяны хөнжил гудсаа дэлгэв. Говийн ааглаг ургамлын vнэрт ханасан бvлээн салхи
хааяа нэг сэвхийн, холын одод дээрээс тонгойн ширтэх мэт жирвэлзэнэ. Морьд
маань байн байн аяархан тургина. Чоно улихаа больжээ. Хөнжилдөө орсон хойноо
-Чоно улихаа больчихвоо гэвэл өвгөн
-Тэгэлгvй яахав. Хээрийн амьтан чинь цагтай, тоотой дуугарна шvv
дээ гэлээ.
Зэмбээ гуай тохой дээрээ өндийн урт гаансаараа тvvдэг рvv зvтгэн
байж тамхиа асаагаад цааш харсан хэвээрээ шунаглан сорох ажээ.
Би сумтай буугаа толгой тушаагаа тавиад "Өвгөн даанч хойд
аараг руу дөхөж хонохоос дургvйцэн заавал энд буусан юм. Чононоос айсан байж
шvv" гэж дотроо бодож хэвтэв. Оройтсон саран хөөрөв. Тvvдгийн гал ч
бөхлөө. Эргэн тойрны юмс сарны сэрvvн цагаан туяан дунд умбаж, тэнгэр өндөрсөн
цаашлах шиг болов. Хөдөө нутгийн намрын цагаан шөнийн жавхлан нойр хулжаалаа.
-Зэмбээ гуай
-Өөв!
-Та өнөөхөө ярьж өгөөч?
-Чамд сонин байх болов уу даа
-Сонин байлгvй яахав. Тэртээ тэргvй нойр хvрэхгvй байна шvv дээ.
-Минийх ч ялгаа алга гээд хэсэг чимээгvй болсноо...
-Тавиад жилийн өмнө юм даа. Манай энэ Мухар худгийн хоолойд
Чойвоогийнх гэж нэг айл байлаа. Миний мэдэхийн мал малын захтай том хар гэртэй,
vргэлж ганц гэрээр байдаг тийм айл байсан юм. Чойвоо гэдэг vг дуу цөөтэй, уруу
нvдтэй, янхигар хар өвгөн байх. Хvний нvvр харна гэж бараг байхгvй. Айлд орж
ирвэл галын зуух руу харж, тамхи татан сууж байгаад хvн юм асуувал л хэдэн vг
солиод гарна. Эмгэн нь гэвэл бас л дуу цөөтэй. Yргэлх эрхи эргvvлж, ам нь өмөр
өмөр хийж байна. Тэднийх чухам "дуугvй дvмбэд" гэдэг vг санаанд ором
чимээ авиагvй айл байлаа. Дотор нь чанга дуугарвал гэр нь хийсчих юм шиг
санагддагсан. "Ганц хvv нь хил хайчийн харуулын албанд татагдаад явснаас
хойш л энэ хоёр ийм зожиг дуугvй болсон улс даа" гэж хөгщvvл ярилцана.
Хvv нь явснаас хойш олон жил өнгөрчээ... Хэл сураг ч гараагvй юм
байх. Нэг хавар эмгэн нь өөд боллоо. Тэр хөгшин амьсгаа хураахынхаа өмнөхөн
"Миний хvv, Дориг минь" гэж л ганц дуугарчээ. Тэгэхэд тvмэн vрчлээ
болсон хиртэй хацар дээгvvр нь нулимс урсч байсан гэдэг юм.
-Ганц vртэйгээ уулзах хувьгvй амьтад байж дээ. Хөөрхий Дориг
өнгөрсөн байх. Амьд явдаг бол эрхбиш хэл сураг дуулмаар юм.
-Хэцvv ч хорвоо юм даа гэж настайчууд шогшролдоно. Гэтэл тэр зун
Дориг хvv нь гэв гэнэтхэн хоёр морин ачаа хөтөлсөөр хvрч ирлээ. Гэгээ таттал
яралзсан том цагаан шvдтэй, өтгөн хар хөмсөг нь зовхийг нь дарснаас болсон мэт
жийхгар хар нvдтэй, хулмайлсан хоёр чих нь ар тийшээ наалдсан юм шиг, хар хvрэн
нvvртэй хvдэр зузаан эр байлаа. Гуч гаран насны тэр эр гэртээ ирж хоёр гурав
хоноод нутгийн айл ах дvvсээр бууж мордох болов. Хvvгийнхээ барааг харж
чадаагvй хөөрхий эхийг нь бодоод хөгшид өвгөд өөрсдөө буруутай юм шиг өмнө нь
дальдчин сандарч байхад Дориг хэзээ ч ээжтэй байгаагvй юм шиг жийхгар нvдээрээ
инээмсэглэн, цатгалан царайлж явдаг байлаа. Өөрийг нь амьсгалынхаа эцсийг
хvртэл хvлээсэн эхийнхээ шарилыг ч эргэсэнгvй. Харин тэр хамгийн тvрvvнд хошуу
ноён, захирагч нарт бараалхан алтан ембvv, урт цагаан гаанс, галзуу хар миглvv,
хатдад нь хоргой торго барьж, хонон өнжин найр цэнгэл хийж, талыг олсон байна.
Тэр харуулын албыг 6 жил хаасан боловч юм vзэж, нvд тайлах гэж
харийн нутагт олон жил суусан гэж ярина. Гэтэл муу юм модон улаатай гэгчээр
тvvнйиг нэгэн шивнээ яриа дагаж ирсэн нь "Дориг харуулын албанаас
халагдаад хил дамнасан дээрэмчидтэй нийлж, өчнөөн жил тэнэхдээ гэм зэмгvй олон
хvний аминд хvрч, нvгэлт олзоор цадаж явсан хvн гэнээ" гэх бөлгөө. Юутай ч
гэсэн тэр өрөвдөх сэтгэлгvй болсон хvн байлаа.
Нэг эрдэм нь гэвэл нутагтаа ирэхдээ vvрч ирсэн, элэнхий бөгст
хурдан буугаараа саахалтын дотор гvйж яваа туулай алдалгvй унагадаг байсан. Анд
гарвал заавал эхлээд янзага алж шарж иднэ. Юунд ингэнэв гэхэд "Мах нь
амттай, зажлахад зөөлөн, шингvvр сайтай" гэнэ. "Нvгэл хилэнц биш
vv" гэвэл "Хилэнцээс айвал хэлээ тат" гэнэ. Нэг зээр алах хэрэг
гарвал гурав дөрвийг буудаад аль тарганыг нь шилж авна. Гэрийн сvvдэрт унтаж
байгаад дээрээ гарч тонгочсон ишгийг хоёр хөлөөс нь шvvрэн авч газар савж
орхиод цааш эргэн хурхич байхыг нь манай нэг найз vзсэн тухайгаа ярьсан нь
санаанаас гардаггvй юм. "Хөөрхий тэр ишиг ганц ч чимээ гаргалгvй хамраас
нь цус сад тавиад өнгөрсөн шvv" гэхэд л тvvний хоолой нь зангирсан байсан
шvv.
Дориг байсхийгээд л хөтөлгөө морьтой алга болж, нутаг хошууныхан
бараг мартаж байтал гэв гэнэтхэн хөтөл хөсөгтэй хvрч ирдэг байлаа. Морин дэл
дээр хөндөлдөж, найр наадмын газар бvрийг хэснэ. Согтоод ирэхээрээ аль
тааралдсан хvнд гарын тэнхээ, ташуурын амт vзvvлэх болов. Тvvний өөдөөс vг
хэлэх зvрхтэн байхгvй боллоо. Хөөрхий Чойвоо гуай удалгvй хvvгийнхээ номхон
зарц болсон сон.
Хоол ундыг нь бэлтгэж, морийг нь хvртэл ойртуулж явна. Дуугvй
дээрээ дуугvй болж, зун цагт гэрийнхээ сvдэрт ганцаар сууж цагийг барна. Нэг
өглөө чөдөрт тогтдоггvй мориных нь хойноос нар битvvгээр явсан өвгөн бага vд
болсон хойно хатаж vхэхээ шахаж ирээд хvйтэн юм залгилж чадалгvй морийг нь
эмээллэжээ. Дориг уур цухлаа багтаан ядаж байж цулбуураа авуут vг дуугvй
хөөрхий өвгөний нvvрэн дундуур гурамсан чөдрөөр ороолгож орхиод мордон давхижээ.
Чойвоо гуай хэрзгэр гараараа нvvрээ даран уяаны дэргэд удтал суухад гарынх нь
салаа болгоноор нулимс гарч байсан гэдэг юм. Доригийн тэнзэн ташуураар тархиа
цоолдуулж муна шиг гараар нь нvдээ таглуулж, шvдээ vйрvvлсэн хэдэн эрчvvд хошуу
захирагчид зарга мэдvvлсэн боловч
-Тэр чинь монгол улсынхаа төлөө зvтгэдэгээ зvтгэсэн хvн. Та нар шиг
муусайн нойтон эсгийг гөвөх эрхтэй эр шvv. Гарынх нь амтыг vзсэн бол харин
сайн. Хилэнц чинь нимгэрнэ. Хонго хацар хоёр чинь загатнаагvй бол дуугvй
байцгаа гэж олон удаагийн хахуульд цадсан эрхэм захирагч заналтай айлджээ.
Ийнхvv Доригийн дархан эрх тунхаглагдаж, энэ хавийн хөгшин залуу, эр эм олон
амьтны зvрхийг чичрvvлэх боллоо. Нутаг усны залуу бvсгvйчvvдийг тэр хувийн
хогшил мэт сvр хvчээр эзэрхэн, залуу харчуудыг vрээ хаздаг догшин азарганы
араншингаар vзэн ядна. Хэн хvнгvй өөрөөс нь далд бол нэрийг нь мартсан мэт
"хулман чоно" гэцгээх болсон юм.
Дориг намрын сэрvv ормогц хэдэн морь уяж шивхрvvлж аваад хаашаа ч
юм алга болдгоороо болсон хойгуур Чойвоо хөгшний бие муудлаа. Сvvлчийн шөнө нь
vеийнх нь хоёр өвгөн сахиж хоножээ. Хөөрхий өвгөн хамгийн олон vгээ тэр шөнө
хэлжээ.
-За би ч тамдаа очих боллоо. Хэзээ хийсэн нvгэл юм бол? Хvнээс vр
төрдөг байхад надаас эрлэгийн элч төржээ... Нутаг усандаа ийм нvгэлтэн өсгөсөн надад
там л хаалгаа нээх биз. Муу хөгшин минь азтай хvн байж. Ийм vртэй байснаа
vзсэнгvй. Yvнийг элийртлээ санан мөрөөдөж суусан олон жил, асгаруулсан их
нулимс, уншсан маань, эх хvний далай сэтгэлийг бурхан болгоож, диваажинд аваа
болов уу гэж бодох юм. Одоо аян жингийн цаг. Цаадах чинь дээрэм тонуулаа хийж
яваа. Эртэд шөнө өөр шиг нь хоёр сvрхий амьтан ирээд явсан. Тэдний амнаас
гарсан vг болгон нь хvртэл нvгэл. Нутаг усны ах дvv нар минь намайг
өршөөгөөрэй. Yхсэнээс хойш нэрийг минь мартаж vзээрэй гэж ярьжээ. Тэгээд
vрчлээ, хир даг болсон нvvр дээгvvр нь урссан нулимс хатаагvй байхад айхавтар
шаналан яраглаад амьсгаагаа хураасан гэдэг юм.
Тэр хаврын эхээр Дориг эргэж ирэв. Эцгийнхээ нас барсныг дуулаад
-Одоо яая гэхэв. Ганц хvн айл болдоггvй гэдэг дээ. Нэг юм олж
авахаас биш гэж хэлжээ. Энэ vгийг сонссон нутгийн хvvхнvvдийн зvрх амаараа
гарчих шахаж байсан нь мэдээж. Тvvний харгис харцан дор тогоог нь угаах гаслант
хувь хөөрхий Дагиймаад оногдов.
Дагиймаа тэгэхэд арван долоохон настай, vргэсэн ботгоных шиг хар
нvдтэй, лавай цагаан шvд яралзуулсан охин байлаа. Ёстой л манай энэ тоост
говийн ганц цэцэг байсан юмсан. Эх нь тvvнийг гэртээ гарган орхиод алсын нэгэн
хvн даган одож, Дагиймаа эмээ өвөө хоёрынхоо энхрийлэл хайранд өсч, тэднийхээ
улаан гол нь болсон билээ. Хичнээн уйлж орилж, мөргөж гуйгаад ч гашуун
заяанаасаа мултарч чадсангvй. Хошуу нутгийн эрхтэн дархтан, баячууд цугласан
найр удсангvй тарлаа. Хуримын бэр нь vс гэзгээ vгтээн, нvvр амаа урж уйлан
чарласаар, сvvлдээ муужран унажээ. Дориг ч ийм найрыг удаахыг хvсээгvй байлгvй.
Дагиймаа нутаг усныхаа Мөнх гэдэг хvvд хайртай байсан гэцгээнэ. Гайт хуримын
дараахан Мөнх ганц морио унан алга болжээ. "Хvрээ орохоор явсан" гэх
боловч тодорхой мэдэх хvн байсангvй.
Юндэн өвгөнийх дуртай ч дургvй ч хvргэнтэйгээ айлсч, морийг нь
ойртуулж, малыг нь дагах болсон юм. Дагиймаа vерхдэг бvсгvйдээ.
-Амиа хорломоор байна. Даанч энэ хоёр хөгшнийг яалтай билээ гэж
ярьсан гэдэг.
Нэгэн өдөр Дориг манай хотод ирж "за Зэмбээ чи маргааш vvрээр
Доржтой хоёул манайд очоорой. Чоно хөөнө" гэлээ. Өглөө нь очтол
-Та хоёрын адсаганууд чоно байтугай хонь ч гvйцэхгvй биз гээд уяж
хоносон хоёр сайн морь бидэнд өглөө. Тэгээд надад
-Чи овоо уургач гэдэг байхаа, уургаа ав гэж байна. Тvvний нvд нэн
хорсолтой гялалзан, сэтгэл хөөрч байгаа янзтай. Бид мордон доод хөндий рvv
галигуулав.
-Өчигдөр шөнө аргамжиж хоносон ганц сайн морийг минь идчихсэн
байхгvй юу. Тийм хvлэг энэ хошуу байтугай халхад байхгvй. Яагаав миний бидэрт
буурал гэв. Бид хоёр
-Хайран морь хэмээн зэрэг дуу алдав.
Бидэрт буурал vнэхээр сайн хvлэг байсан. Хvзvv сунган бөмбөлзөхөд
нь дөрвөн хөлний нь гишгэгдэл нvдэнд харагдахгvй болтол яралзаж, дагасан морьд
байдгаараа сарвайвч тоосон дунд нь vлддэгсэн.
-Тэр сайхан амьтныг та юунд аргамжсан юм бэ?
-Чөдөрт тогтдоггvй шидэл байсан юм. Өглөө эрт юманд явах гээд...
гэснээ
-Гайгvй ээ, муу гурианvvд гэж занаад
-Чоно одоо л гурван Шээзгийтийн хаднаас гөрөөнд гарч байгаа гэлээ.
Бид яг одоо хэвтэж байгаагаас хойхнуур гарч, энvvхэн баруунтай байх
Хавчаар гэдэг газар руу явав. Yе vе тачирхан дэрс, загийн төрөл бvхий бяцхан
хоолой л доо. Зээр гөрөөс, туулай элбэгтэй газар. Хавчаарын хоолой руу ороод
жаахан явж байтал, Дориг морьныхоо амыг татан
-Тэр... гэж дөрөөн дээрээ өндөсхийв.
-Харав уу бэлтрэг дагуулж явна. Yнэхээр гурван бэлтрэг дагуулсан чоно
сухай ургасан хэдэн элсэн товцог руу оров. Явдал орсон бэлтрэгэндээ ан хийхийг
зааж, гvйдэлд сургахаар дагуулж гарсан байж таарлаа.
-За бэлтрэгийг нь би янзална. Чи эхийг нь уургалаарай. Алчихаж
болохгvй гэж Дориг зарлигдаад ухасхийв. Бид хоёр гайхсан боловч даган давхилаа.
Ойртон ирэхэд өнөөх чоно довцог дотроос ганцаараа гаран сунав. Бэлтрэгнvvдээ
нуусан хэрэг биз. Морины давхил дунд
-За та хоёр хэсэг хөөгөөд нааш нь эргvvл, намайг очтол эцээж бай.
Зэмбээ чи эцсэн хойно нь уургал гэж хашгирав.
Дорж бид хоёр саахал хөөгөөд, морины аагаар алсуур тойрч эргvvлэн
элдлээ. Тэр чоно эргэн эргэн харсаар сунавч сульдаж эхлэх янзтай. Ойр хавь
бартаатай газаргvйн гадна бидний сайн морины явдал ааглаж байлаа. Нэг харвал
Дориг нэлээд баруунтайгаар даялан явснаа нааш чиглэн тоосруулав. Дөхөж ирээд
-Одоо уургал... гуд татаж унагаад нааш нь чирч давхиарай гэж
хашгирах нь морин туурайн пижигнээд дунд арайхийн сонсогдов.
Би жолоо султгаж, дөрөөн дээрээ өндийлөө. Надад vнэхээр сайн морь
өгчээ. Явдал нь хөнгөрөх мэт болж, хэдхэн яралзаад өнөөх араатанд уургаа хаяж
болохоор ойртон очлоо. Би уургалуут хуйваа эргэж аваад, чоноо огцом татан
унангуут эргэн чирч давхив. Дориг надтай зэрэгцэн ирээд
-Одоо зогс гэнгvvт нэгэн шуудайтай юмыг газарт шидэн бууж харайж,
цулбуураа Доржид хаяж өгөөд боогдон муужирсан чонын амыг зууртал боож, хvзvvг
нь хуйвнаас салгаад дөрвөн хөлийг нь хvлэв. Энэ бvх явдал бараг л амьсгаа гурав
авах хооронд болсон юм. Тэгээд
- За морьдоо бөхөлчихөөд тэр ууттайг аваад ир гэлээ. Тэр шуудай
дотор нэг бэлтрэг гийнаж байв шvv. Дориг
-Яараад хоёрыг нь олсонгvй. Наад муу тэнэг гударга чинь сухайн доор
хаячихсан байхгvй юу. Муу хар гударга зулзагануудаа тарааж нуугаа л даа. гээд
хөлсөө шувтран арчаад тухлан суув. Бэлтрэгнийхээ дууг сонсоод ч тэр vv бахардаж
муужирсан чоно ухаан орсон бололтой татганан, хамраараа гийнаж байв. Дорж бид
хоёр аль ч учраа олохгvй юу болохыг ч мэдэлгvй зогсож байлаа. Дориг тамхиа
татаж гvйцээд босох зуур гаансаа тvрий рvvгээ гударч
-Та хоёр хөлийг нь сайн татаад өгөөрэй. Амьдаар нь хуулна даа
чамайг... гэв. Тэгээд өнөөх бэлтрэгийг уутнаас гарган хvзvvгээр нь хуйваар
оосорлон бутнаас уяад хvлэгтэй эхийг нь чирч аваачив.
-За та хоёр хойд хөлийг нь тэлээд сайн татаж бай гэж тушаагаад
эрээн иштэй хурц нарийхан хутгаа сугаллаа. Хvзvvн дээр нь гишгэж байгаад ярж
эхлэхэд хөөрхий чоно гийнан, хамаг булчин шөрмөс нь хөвчрөн, бид хоёр нэг нэг
хөлийг арай л алдчихалгvй тогтоож байлаа. Нvд халтираад харж чадсангvй. Эхийгээ
гийнахад бэлтрэг нь бас хааяа гийнав. Дориг чонын арьсыг гуд гуд татан хуулж
байхдаа
-Муу хар гудрага. Ингээд цусал, сайхан байна уу? Өшөө гэж энэ...
хэмээн шvд зуун хоолой нь чахран өгvvлнэ. Бөгсөн биеийг нь хуулуут тvрvvлэг нь
харуулан толгой дээр нь гишгээд бид хоёрт
-Сайн тат гэж тушаангуут арьсыг нь толгойд нь хvртэл ширхийтэл хуу
татав.
Хуулагдсан арьсыг чихнийх нь угаар тас огтлон аваад хөөрхий нvцгэн
амьтныг сул тавьлаа. Хvний гараас ангижирсандаа итгэхгvй байгаа мэт салгалан
боссон тэр амьтан Доригийн хормой доогуур гvйж оров. Нvцгэн хөрс нь даарч,
амьтан л болсон хойно нөмөр эрсэн хэрэг биз.
Омголон морьд vргэн цовхчиж, Дориг чонын нvцгэн гэдэс рvv нь пид
хийтэл өшиглөв. Чоно тээр хойно vсрэн унаснаа гийнан босож, салгалан гэлдэрсээр
бэлтрэгнийхээ дэргэд очоод өргөст бут руу шурган унав. Бэлтрэг бас гийнан vхэж
байгаа эхийнхээ ам хамрыг долоож байна. Нvд халтирам байв. Yvнийг би одоо
болтол мартдаггvй юм. Олон шөнө хар дарж зvvдэлсэн шvv. Өвгөн ингэж яриад
бөгшvvлэн ханиалгасаар босож тамхиа нэрэв.
-Та ханиалгаж байж тамхи татахаар улам дордох юм биш vv?
-Yгvй хvv минь, харин дарагддаг юм. Өвгөн танхиа шунаглан сорно.
Миний дэрний дэргэд гал нь улалзана. Хамрых нь нvхээр яарсан мэт зам татуулан
гарч ирсэн утаа чөлөөт агаарт гараад тайвширсан юм шиг тvvний толгой дээгvvр
аажуухан манарна.
Саран дээрээ хөөрчээ. Тvvний сvv цагаан туяанд оддын гэгээ бvдгэрэн
харин газар дэлхийн байдал улам тодорсон байна. Доригийн толгод бараалан
харагдана. Миний сэтгэл нэг л хачин болжээ. Зовиуртай ч юм шиг, цухалдсан ч юм
шиг. Зуны шөнийн сэрvvн агаар уушгиа тэлтэл гvнзгий амьсгалж аваад
-За тэгээд гэв. Өвгөн гаансаа чулуунд тогшиж дэрэн доороо хийгээд
одод ширтэн удтал дуугvй хэвтэв. Тэгснээ
-Yvнийг тэжээнэ. Анд сургана, чоныг чоноор нь бариулна даа гэв.
Тэгээд ч тэжээсэн юм. Тэр жил одоо бодвол хорин дөрөв таван он юм болов уу.
Хуучин хошууд тамгыг халж, хошуу захиргаа гэдэг ардын засаг тогтлоо. Нэгэн удаа
Доригтой хэрэлдэн "Муу чоно чиний танхайрах хоногийн тоо гvйцэж байгаа
шvv" гэж нулимж орхиод тархиа хага ташуурдуулж явсан Дэмбэрэл гэгч энгийн
ардхошуу дарга боллоо. Манай энэ захын аглаг говь нутагт хувьсгал хожуухан
ирсэн боловч олныг амархан дагуулсан юм шvv. Баяд дээдсийн эрх мэдэл хумигдаж,
бид мэтийн ядуусын цээж тэнийж, толгой өндийсөн билээ. Доригийн ааг омог ч ил
бадарч байхаа болив. Тэгэхдээ л орон гэртээ хэмжээгvй эрхт хаан хэвээрээ байсан
хэрэг. Чоно ч гэсэн бас өсч байлаа. Yvрийн гэгээ, vдшийн бvрийгээр бөгсөө
оцойлгон хамраа шантайлгаж байгаад уянгалуулан улина. Тэгэхдээ энэ гунигт
дуудлагаа зvг бvрт хvргэх гэсэн юм шиг нар баруун эргэн дөрвөнтөөvльдаг байв.
Дориг тvvгээр туулай, зээр бариулж сургав. Энэ нь тvvний дуртай зугаа болдог
байж. Тэгж явахдаа авгайгаа алсаас дурандан vргэлж хардан сэжиглэнэ.
Дагиймаа орчин тойрны хувьсгал өөрчлөлтийг ухааран сэтгэж, Доригийг
vзэн ядах сэтгэлийн хорслоо нууж чадахгvй болж байлаа. Яг тэр vеэр ч Мөнх хvv
нийслэл Хvрээнээс эргэж ирсэн бөгөөд одоо хошуу захиргаанд алба хааж байгаа
дуулдан Доригийн уур цухал улам их хvрэх болжээ. Нэг орой хонины бэлчээрт
хэнтэй уулзав гэж Доригийн эрvv шvvлт эхэлжээ. Тэгэхэд нь Дагиймаа
-Хэнтэй ч уулзсан яадаг юм. Би чинь эрхээ олсон ард шvv гэчихжээ.
Дориг уур шарандаа багтрах шахаж, болжмор шvvрч байгаа бvргэд шиг барин авч
өвдөглөн дараа нь аманд нь алчуур чихэж, хамаг хувцсыг нь хvv татан нvцгэлээд
балбаж гарчээ. Тэрээр уурандаа бахардан "ээх... х... vх... х" хэмээн
амьсгаадаж
-Чиний эрх чинь энэ... май, яа...сан...эрхтэй гичий вэ хэмээн
өшигчиж vснээс нь татан балбав. Нэгэнтээ ухаан алдсан хойно нь чирэн гаргаж
гэрийнхээ бvснээс хvлж орхиод тэр чигээр нь хонуулсан байжээ. Орилж хашгирч
чадаагvй болохоор нь эцэг эх хоёр нь мэдсэнгvй... Зуны сvvл сарын шөнө байсан
боловч зодуурт бэртэж шархалсан бvсгvй даарч чичирч байлаа. Өглөөгvvр Дориг
тvvнийг гэртээ чирэн оруулж, хvлгийг нь суллаад лав номхроо биз гэж бодон
-Одоо чи хэрээ мэдэв vv гэж тавлахад
-Муу хулман чоно, намайг vхсэн гэж бодов уу. Чамайг тvмний жигшилд
шатахыг чинь vзэхийн тулд би амьд явнаа гэж занажээ. Энэ бол өөрийн засаг
төртэй болсноо ухаарч, хvч чадалтайгаа мэдэрсэн хvний vг байсныг Дориг ойлгосонгvй.
Ойлгохыг ч хvсээгvй биз. Тэр намар Дориг хойд хошуу орж өр авлага цуглуулаад
иртэл хадмых нь алга байжээ. Дагиймаа эцэг эхээ аваад оргон одсонд нэг их
гайхаагvй боловч цөс нь хавиргаа дэлсэж "гайгvй ээ чамайг" гэж занаад
саахалтдаа давхин очив. "Тэд уржигдар нvvнэ лээ. Хаана очихоо хэлээгvй
шvv" гэж тэднийх нь хэлжээ. Оройхон бэлчээрт гарсан хонио цуглуулан ирж
нэг хонь алан гуриатаж vхэх шахсан чонондоо гэдэс дотрыг нь өгч өөрөө бас цадаж
авсан боловч тэр цагаас эхлэн сэтгэл санаагаар унаж, өөрийн эрх дурын амьдрал
нэгэнт дууссаныг мэдэн дуугаа хураав.
Хожим дуулбал Дагиймаа эцэг эхийгээ дагуулан хошуу захиргаанд очиж
суурин бараадан суугаад, өөрөө шинэ танхим (сургууль)-ын галч болсон дуулджээ.
Давхин очъё гэтэл ардын засгаас айж дэмий л хумсаа алгандаа шигдтэл
гараа атган, шvд зуун явах болсон билээ. Одоо тvvний уураа гаргадаг юм нь өнөөх
чоно болжээ. Yvрээр хангинатал улихад нь цочин сэрэнгvvтээ хараал тавин нөмгөн
гарч бvдvvн тэнзэн ташуур барьж очоод
-Муу гудрага, юугаа дуудаав... хvн унтуулахгvй
гэж vглэн пид пид хийтэл балбана. Чоно нь эзнээ хараад өөрийн vйл лай ирж явааг
мэдэн хавтгайгаараа унаж пид пид хийлгэн цохих тоолонд нь гаслан гийнана.
Босоогоороо зодуулбал ууц нуруугаа хугарна гэж айдаг ч байсан байж мэдэх юм.
Тэр намар Дориг гурван морь живхнvvлэн уяж эхэллээ. Нутгийнхан
- За явах нь. Өнөөтөхдөө гарах нь дээ
гэцгээнэ. Дориг бог мал адуугаа хоёр айлд өгөөд
-Yхэж vрэгдвэл би нэхэхгvй. Энэ зэргийн
гарз намайг хотойлгохгvй, өсч vржвэл чамлахгvй, өөрийнхөө юм шиг эдэлж хэрэглэж
бай. Би алс газар явлаа. Энд тогтож суух арга алга. Эргэж ирвэл тэр биз, алга
болбол та нарынх болог гэж эгэл хvн шиг гунигт дуугаар ярьж хэдэн аяга шимийн
архи балгаж халаад "Чоноо ч суллаж тавина, хээрийн амьтан хээртээ
жаргалтай гэдэг дээ" гэжээ. Маргааш нь бага vдийн хэрд миний найз Дорж
хойд Шээзгийт дээр дурандаж суутал Дориг чоноо хөтөлсөөр Шээзгийтийн шанд дээр
ирэх нь харагджээ. Тэр морьноосоо буун чөдөрлөн тавиад чононыхоо хvзvvнээс
уяагаа тайлж авсан байна. Гэвч чоно нь явсангvй. Шанднаас хэд долоогоод оцойн
суув. Дориг зvлгэн дээр гэдэргээ харан хэвтэж байж. Дорж хэдэн адуугаа хайн өөр
зvг рvv дурандаж удаан суужээ. Тэгээд дахин дурандвал морь эзнээсээ нэлээд
холдсон байна гэнэ. Харин Дориг огт хөдлөхгvй бодвол унтаж байгаа бололтой.
Чоно эзэндээ ойртоод оцойн сууж байжээ. Доржийг харсаар байтал чоно дахин дөхөж
толгойных нь дэргэд суув гэнэ. Жаахан байснаа эзнийхээ дээрээс даран унах шиг
болжээ. Доригийн хоёр гар годосхийн өндийснөө чоноо тэврэх шиг болон дахин унав
гэнэ. Дорж эзнээ барьж байна гэж бодуут мориндоо мордон тэр зvг рvv давхижээ.
Ойртож ирэхэд нь морин төвөргөөн сонссон чоно эргэн эргэн харж гулзайтал
сунасаар дунд Шээзгийтийн хад руу орж гэнэ. Дориг дээр давхин очоод Дорж аймаар
юм vзжээ. Тvvний хоолойг чоно тас хивж толгойг нь их биенээс нь бараг салгасан
байжээ. Бахим хоёр гарт нь чонын зэгэл саарал хэдэн vс атгаастай байсан гэдэг
юм.
Өөрийнхөө заяа жаргалыг өөрөө vгvй хийсэн
тэр хvнээс хээрийн саарал эхийнхээ болон өөрийн өшөөг ингэж авсан юм гээд өвгөн
дуугvй болов. Тэнгэрийн дорно хаяа цайвартавч сар шингэж vvрийн харанхуй болсон
байлаа.
Зэмбээ гуай жигдхэн хурхирна. Миний нойр
хулжин, хоёр хөлт чоноос дөрвөн хөлт нь өшөө авсан тухай гунигт гашуун
дурдатгалыг бодон хэвтэв. Доригийн толгодын тэндээс чоно улих дуулдав. Тvvний
сулхан улилт хэдэнтээ сонсогдоод чимээгvй боллоо. "Дориг дахиад аян замд
гараагvй нь ч сайн болсон бус уу" гэж бодож байлаа. Тэгээд өвгөнийг
сэрээхгvйг хичээн аяархан босч, vе мөчөө тэнийтэл суниав. Тэнгэрийн дорно
хаяанд зурвас гэгээ цайравч харанхуй байлаа.
МЗЭ-ийн шагналт, Төрийн шагналт зохиол П.Пүрэвсүрэн
No comments:
Post a Comment